Monday 27 August 2012

Ороолдож Озолцож Орилохдоо Ондоон өнгөөр Гийнана

Bebe - Siempre Me quedara



Дурлаагүй
Гэхдээ дугарахгүй
Дугарагилж
Дутууг чинь нөхнө
Хүснэ
Хатгана
Халгиулахгүй
Хамж авна
Хамтдаа нэгдэнэ
Ороолдож
Озолцож
Орилохдоо
Ондоон өнгөөр
Гийнана
Халууцна
Дулаацна
Хачин янагаар төөнөж
Хамаг бие шатна
Өөд уруугүй
Өөр нэг тийш
Өвдөгөө нугалж
Өөдөөс чинь цогино
Тавиуламгүй
Чангаламгүй
Чамаас бусдыг бодомгүй
Үсчинэ
Үнсэнэ
Үнэрт чинь бариулж
Үгэнд чинь огшиж
Үснээс чинь таталж
Ертөнцийн хуулийг сөргүүлж
Ер бусын
Ерөөс баймгүйгээр шимнэ
Дээр чинь
Дэргэдээс чинь
Дэндүү аажуу
Хэмнэлтэй
Хэтэрхий хурдлууламгүй
Хугацааг нь дуусгамгүй
Хөдлөнө
Хөхнө
Хөхний толгой чинэрч
Хүйтэн хөлс чийхарна
Чимчигнэнэ
Чичирнэ
Чингэхдээ тавирна.

Тиймдээ ч бурхад ариун биш Тэд биднээс нууж хурьцдаг…

Бурхан хүнийг бүтээчихээд 
Дэргэд нь эхнэртэйгээ хурьцаж 
Бусдад тавих тухай мэдрэмжийг
Буруушаалгүй тунхагласан байж таараа!
Тачаалаа тултал нь чинүүлчихээд 
Тавих тэр мөчийг ертөнцөд алдаршуулж
Ааль ихт бүсгүйг хавирганаасаа бүтээж 
Адамаас хулгайлж унтсан байж таараа!
Тиймдээ ч бурхад ариун биш 
Тэд биднээс нууж хурьцдаг…
Тачаалынх нь орь дуу тэгээд 
Тэнгэр дуугарах чимээ болж сонсттог
Ээнэгшин янаглах сэрлийн түрлэг болж 
Эд нь гадагшлахыг бид бороо гэж нэрлэдэг 
Тиймдээ ч бурхад ариун биш 
Тэд биднээс нууж хурьцдаг…

Ер нь бурхад гэдэг бол 
Ертөнцөөс тасарсан чөтгөрийн биелэл 
Гэгээрсэн дүртэй хутагтын багтай 
Гэмгүй биднийг хулхидах адын жүжиг!

Saturday 18 August 2012

Бороо ороод л, орсоор байгаад...

Hot Whiskey - 5 дугаар сарын бороо



Бороо ороод л, орсоор байгаад
Бусдаас түрүүлж үг хэлчихдэг бодлогогүй занг минь
Бүлээхэн дуслаараа арилгачихвал яах юм бэ?

 Бороо ороод л, орсоор байгаад
 Итгэж л явсан гэнэн хүслийг минь
 Энгэр норгон арччихвал яах юм бэ?

Бороо ороод л, орсоор байгаад
Нэрийг нь мартсан тэр гэгэлгэн залуугийн
Над дээр ирэх замыг нь хаачихвал яах юм бэ?

 Бороо ороод л, орсоор байгаад
 Эхнэрээсээ нууж өгсөн тэр эрийн хайрыг
 Эрээ цээргүй байна гээд угаачихвал яах юм бэ?

Бороо ороод л, орсоор байгаад...

Wednesday 15 August 2012

Хорин намрын бодол


Хэзээ би 
Хэнзхэн бодлоос уяатай давхиж, хавар эртийн бороо шиг зүрх төөнөхгүй шиврэх бол? 
Хэзээ би 
Хэлүүлэхгүй ирдэг амрагийн захиа шиг хэтэрхий догдлом их хайр болох бол? 
Хэзээ би 
Чанадын цаана нуугдсан хүслийн чинь далайгаас хэлүүлэлтгүй чиний хүслийг шүүрдэг болох бол? 
Хэзээ би
 Гуниглахгүй амьсгалж, сэмэрч ордог бороонд сэтгэлээ норгохгүй байж сурах бол? 
Хэзээ би 
Ээжийнхээ энгэрээс салж, хэдэн намрын дараа айлын бэр болох бол? 
Хэзээ би 
Хэвлүүхэн явсан насаа дурсаж хэтсэн дээр өлгөөтэй бодлуудаа цэгцэлж сурах бол? 


Friday 10 August 2012

Сонин үдэш!


Эрэгтэй дотоож өмсөөд алхалмаар
Эрээ цээргүй баймаар хачин үдэш
Уруулын будгаараа уран зураг зураад
Унтлагын хувцасаа Дондогт өмсүүлмээр эвхэрсэн үдэш
Хайртай гэж хэлсэн тэр залуугийн өөдөөс
Худлаа! Гэж орилоод алгадмаар зөрүүд үдэш
Хөл хүндтэй бүсгүйн дэргэд суугаад
Хөврөлд орж буй ургийн чимээг сонсмоор намуун үдэш
Тагтан дээр зогсоод цахилгаан станц харуулдмаар
Таягтай эмгэний шилийг авч зүүмээр гаж үдэш
Танил, бяцхан охины хоолойгоор ХҮСЭХ гэж хэлээд
Тачаалаа хөндүүрлэн үргээмээр янаг үдэш
Гунигаа нууж чадахгүй гуниглах
Гурамсан сарын адагт хоргодох намарын үдэш
Гутарлаа дааж чадахгүй болтлоо архидмаар
Гуйлгачин шиг сэтгэхүйтэй ядуу үдэш!

Thursday 9 August 2012

Ээж минь


Хайр сэтгэлээ итгэлээр бэхэлж, хана туургаа босгон суусан залуухан хосын амьдралд нэгэн шинэ хүн мэндэлсэн нь ээж минь юм. Увс аймгийн нэгдүгээр төрөхт дуугаа хадаан эгэл жирийн нэг тээврийн жолооч, хүнсний техникум төгссөн тогооч бүсгүй хоёрын дунд хайраа цацан ууган охин нь болон төржээ. Тэр сайхан өдөр нь өдгөөгөөс дөч гаруй жилийн өмнө бичин жилийн зуны адаг сарын аравны энэ өдөр байсан юм. Тиймээс энэ л өдөр эмээ өвөөгийн минь хувьд, миний хувьд хэзээ ч мартаж боломгүй ивээлт өдөр билээ.
Айлын ганц охин төдийгүй, айлын ууган хүүхэд гэсэн хүндтэй атлаа хүндхэн үүрэгтэй байсан ээж минь Увс аймгийн нэгдүгээр арван жилийг төгсөн төгстлөө доороо таван эрэгтэй дүүгээ хүн болгож өгөөд оюутан болхоор хотруу ирсэн гэдэг. Мөнөөх л талх элсэн чихэр олдвол баярлаж, шинэ жилээр л мандарин идэж, 24-ийн гэх том чихэр хааяадаа эмээгийн авдраас гаргуулж иддэг байсан юм ховортой, юмны үнэ цэнийг мэддэг, хүүхэдүүд хөгшчүүлээс бэлэг аваад түүндээ үг дуугүй талархаж, сэтгэл нь ханаж чаддаг тийм л цаг үед өсөж дээ. Юм ховор байх тусмаа хүнд нандин дурсамж үлдээдэг юмуу даа. Тиймдээ ч тухайн үеийн хүмүүс одоо ч харахнээ юманд их л гар чанга, няхуур ханддаг болсон байх. Ээжийн минь ээж буюу миний нагац эмээ тогооч явсан хүн. Гэхдээ гэртээ хэзээ ч хоол хийж байгаагүй юм, хаа нэг баяраар плов, рагу, мах ногооны шанз бидэнд хийж өгдөг байлаа гэж ээж минь дурсан ярьдаг юм. Тэр үед айлууд өдөр тутамдаа юу иддэг байсан нь тодорхой. Олон хүүхэдтэй айл бол өдрийн цайгаар талх, хар цайгаар гол зогоож, оройн хоолонд гурилтай шөл, цуйван хоёрыг л ээлжлэн иднэ. Ээж минь ч айлын ганц охин тул гэр орон цэвэрлэх, хоол хийх, дүү нарынхаа хувцасыг угаах гээд хамаг л хүнд хүчир ажлыг нухлан үүрдэг байж. “Одооны та нар шиг юун хэрчсэн бэлэн гурилаар хоол хийх, өдөр бүр хичээлээсээ ирээд оройн хоолныхоо гурилыг зуурч, хэрчиж бэлддэг байлаа шүү. Тиймдээ ч ээжийнх нь гар эрт хөгшир ч дээ. Миний охин эмэгтэй хүүхэд гараа л хайрлаж яваарай!” гэж ээж минь яриа дэлгээд суух болгондоо хэлдэг юм. Нээрээ ч жил жилийн төрсөн өдрөөр нь ээжийнхээ гарыг байнга л ажигладаг болчихож. Бага байхдаа анзаарахгүй л хөтлөлцөөд явдаг байсан залуухан, халуухан явсан ээж минь одоо ямар ч их өтлөөвдээ гэж харагдах юм. Насаараа ийм сайхан, мөнхөд ийм толиотой явах юм чинээ санаж даан ч хүүхэд насандаа ээжийгээ хайрлахгүй эрхэлж нялхарч зовоодог, хайран сайхан залуу насыг нь өөртөө хулгайлчихсан байна.
Ээжийн минь ярьдаг хүүхэд насныхан хөгжилтэй, сайхан дурсамжууд зөндөө бий. Нэг иймэрхүү бороотой өдөр хөнжилдөө орж байгаад л надад байнга ярьж өгдөг сөн. Нагац эмээгийн талаар, өвөөгийн минь аав гэж мундаг оточ лам хүн байсан талаар гээд аль болох л удам сударыг минь таниулах гэж уйгагүй, заримдаа ч залхтал ярина. Алсыг харсан ухаан байгаа биз? Байнга зэмлээд, үглээд байдаггүй атлаа миний ээж намайг ийм л дурсамж яриагаар хүмүүжүүлсэн хүн.
Гэрийн ажил хийнэ, дүү нараа өсгөнө гээд тэр их ажлуудын хажуугаар ээж минь тун онц сурлагатай охин байсан гэж эмээ минь хэлдэг. Одоо ч манайд ээжийн сурлагын дэвтэр байдаг юм. Ганц л “Хорошо” гэж тавиулдаг байсан хичээл нь биеийн тамир. Би ч бас биеийн тамиртаа дургүй хүүхэд. Ямар сайндаа л ээж минь суниахын оронд спорт заалаа цэвэрлээд дүнгээ гаргуулчихдаг байсан гэнэ. Социализмын үе л болсон хойно Орос хэлний хичээл орно. Үндэсний телевиз ч гардаггүй, зурагттай айл бол зөвхөн ОРТ-ыг үздэг байж. Өвөө тээврийн жолооч байсан юм болхоор бусад айлуудыг бодвол ховорын юм ихтэй айл байж л дээ. Тэгээд л завтай цагаараа ээж словарь барьчихаад өнөөх орос сувгаа үзээд суудаг байсан гэнэ. Энэ бүхний тухай ээж минь өөрөө ч онгирч ярих дургүй тун даруухан хүн дээ. Намайг бага байхад л эмээ, өвөө хоёр минь ярьж өгдөг байсан юм. “Ээж чинь ийм л хүүхэд байлаа, чи ч бас тийм байх ёстой” гээд л…


Ээжийн мөрөөдөл нь хүний эмч болж, гадаадын их сургуулийн хуваарь авах байсан гэнэ. Гэвч тэр жил аймагт нь хуваарь ирээгүй тул ээж жил өнжихгүй гээд Хөдөө аж ахуйн их сургуулийн Малын их эмчийн ангид элсэн орсон гэдэг. Ийм л том зорилго өмнөө тавьж чаддаг, өөрт нь л асуудал байхгүй бол бусдыг асуудал гэж хардаггүй тийм хүчирхэг охин байжээ. Ингээд айлын том охин нутгаа орхиод хотыг зорьж их сургуулийн босго алхан орсон байна. Энд л аавтай минь танилцаж, анхны хайрын сайхан дурсамжаа сийлэн үлдээсэн. Арван жилд байхад нь ч тэр, их сургуульд байхад нь ч тэр онц сурдаг ийм охинруу баргийн хөвгүүн халдаж чаддаггүй байсан гэнэ. Гэтэл аав минь ээжийн минь ухаан, сайхан хоёрт татагдаад өөрийн эрхгүй араас нь гүйж, байрных нь гадаа очиж дууддаг байсан гээд л хөгжилтэй дурсамжуудыг ээж минь ярьж өгч байсан юм. Би ч бага байхдаа энэ тухай ээжээр их л яриулах дуртай байсан сан. Харин аав бол нэг их ярихгүй. “Ээж чинь л миний араас гүйсэн дээ” гэж шоглож ярьдаг юм. Ийм л сайхан хайраас урган гарсан би азтай хүн. 87 онд анхны хүүхдээ – миний ахыг оюутан байхдаа өлгийдөн авсан ээж тэр үед гэрээсээ хол их л хэцүү байсан байх даа гэж бодогддог. Гэхдээ миний аавын аав, талийгаач өвөө маань ээжид их сайн ханддаг байсан болхоор барагтаа элгэн саднаасаа хол байхын зовлонг амсаагүй болов уу. Хэн хэн нь оюутан байсан болхоор хүүгээ өсгөх арга байхгүй тул ахыг өлгийтэй байхад нь Увсруу явуулж, өдийг хүртэл эмээ өвөөгийн гар дээр өсгүүлж хүн болгосон. Хичнээн хол хөндий өссөн ч одоо ахын сургааль шиг үнэтэй, дотно зүйл надад үгүй билээ. Бас л над шиг хуулийн хүн болно гээд ах минь зорилгодоо хүрсэн. Яхир, хатуу зантай ах бид хоёр энэ занг ээжээс л өвлөж авсан байх \хэхэ\. Харин юу юугүй уярамтгай, итгэмтгий, уйламтгай зан бол аавынх минь. Архи балгахаараа хамаг л сэтгэлээ уудлаж, уйлж суудаг аавын энэ л зан надад байдаг юм.
Намайг төрүүлэх хүртэл ээж минь миний дээрхи хоёрын хоёр сайхан хүүхдээ алдаж сэтгэлийн зовлонд унасан хүн. Одоо бодход над шиг л цайлган, нялх явсан ээжид минь дөнгөж төрүүлсэн бяцхан үрээ алдах үгээр илэрхийлшгүй хүнд байсан биз. Долоон нас хүртлээ энэ тухай юу ч мэдэлгүй өссөн би анх удаа сонсчихоод асгартал уйлж байсан санагдана. Хааяа нутаглуулсан газрынх нь дэргэдүүр өнгөрөхдөө хүн болж чадаагүй тэр хоёр минь одоо байсан бол би бусдаас өмөөрүүлэх хүнтэй, хүүхэд насны бичиж чадаагүй сайхан дурсамжуудыг хамтдаа бичилцэх ахтай бас эгчтэй байх байсан гэж харуусдаг юм. Гэхдээ оронд нь тэрнээс том орон зайг нөхөж өгдөг хамгаас хайртай ээж минь байгаад юу юунаас илүү баярлаж явдаг даа.
Ингээд л БИ гэдэг эрх дархтай хүн ээжийнхээ тэр сэтгэлийн гунигыг үргээж ганц охин нь болон мэндэлсэн дээ. Туул гэдэг энэ нэрийг аав минь хайрласан юм. Намайг төрдөг тэр жил ээж минь их сургуулиа улаан дипломтой төгсөөд аль хэдийнэ ажилд орчихсон байсан үе. Гэхдээ ахыг төрүүлхэд ч, намайг төрүүлхэд ч тэр нэг ч удаа “Ёо” гэж дуугарч үзэлгүй, амралт ч авалгүй явсаар төрүүлсэн юм гэдэг. Ингээд бодхоор эмэгтэй хүнд баймгүй хатуужил, тэвчээр үнэртдэг юм. Хоолойгоо өвтгөчихөөд халуураад хэвтэж байхдаа ээжээсээ ичих шиг болдог шүү. Төрхөөс минь авхуулаад өдийг хүртэл муу ээж аав хоёр минь их зүйлийг надад өгч, их зүйлийг надаас авч чадалгүй яваа. Ялангуяа ээж минь.
Хүний амьдралд олон зүйл тохионо. Баяртай хөөртэй, зовлонтой гунигтай гээд маш олон зүйл шүү. Бүр дааж давшгүй, шантраад өмнө нь өвдөг сөхөрмөөр болдог тийм хар өдрүүд тохиодог юм. Ээж минь наргиж, цалгиж явах залуу насандаа хүний гэргий болж их олон зүйлээ зольж, залуу насаа аав бид хоёрт алдсан хүн. Хүүхэд байхын л эрх танхи өссөн аав минь залуугийн алдаа гэх юмуу архи балгачихдаг байсан сан. \Одоо харин аав минь нэг ч амсдаггүй, ойртдогчгүй юм. Насны эрхээр эр хүн улам ухаажиж, ойлгодог байх л даа\ Хөөрхий ээж минь төрсөн нутаг, ижий ааваасаа хол хандах хүнгүй ганцаар их л шаналдаг байсан байх. Би ч хөлд орж л яваа жаахан хүүхэд юугаа ч мэдэхгүй өссөн дөө. Хожим сонсоод архи гэдэг муухай зүйл л хүний амьдралыг үгүй хийж болдог хүчтэй бас хортой эд юм гэж бодох болсон. Энэ муухай эд байгаагүйсэн бол одоо ч аавтайгаа цуг элэг бүтэн гурвуул хамтдаа амьдрах байсан ч юм билүү гэж бодддог юм. Гэхдээ амьдралд тохиож буй учрал, үйл бүхэн тодорхой шалтгааны улмаас гарч ирдэг болхоор “Бурхан надад хатуужил өгөх гэж ингэсэн байх даа” хэмээн тайвширдаг. Нээрээ ч тийм. Аав минь хажууд байсан бол би гэдэг хүн хорвоод ээжтэйгээ цугтаа гансархын зовлонг мэдэхгүй, илүү эрх танхил, илүү тэнэг байх байсан. Тиймдээ ч би аавдаа гомддоггүй юм. Бүр ч илүү хайрлаж, бүр ч илүү хүндэлж, тэр хүнээс суралцаж яваа.
            Намайг сургуульд орох жил ээж минь өөрийнхөө ээмэг зүүлтийг барьцаанд тавин байж төлбөртэй Орос сургуульд оруулж байлаа. Өвлийн хүйтэнд намайг алхуулж байсангүй. Зуны халуунд ч өөрийнхөө сүүдрээр сэрүүцүүлэн байж авч явдаг байсан. Ингэж их бөөцийлж өсгөсөн охин чинь таныгаа томрох тусам зовоож байгаадаа их л эмтрэх юм. Хүний хүүхдээс илүү гаргана уу гэхээс ерөөс дутаадаггүй байсан сан. Хаана хамгийн гоё хувцас байна тэрийг л охиндоо бариад ирдэг байсан. Заримыг нь голж шилж хаядаг байснаа бодхоор өөрөөсөө ичих юм. Хамтдаа олон ч зүйлийг ээж бид хоёр даваад гарч. Гэр хороололд, хөлсний байранд гээд л амьдарч үзээгүй газар, идэж үзээгүй хоол гэж даан ч алга. Тэр бүх хүнд үед ээж минь “Зүгээрээ миний охин, өсөхийн жаргалыг жаргалд бүү бод” гэж үг бий гэдэг сэн. Одоо харин хоол голохгүй идчихдэг болж. Хувцас голохгүй өмсдөг болж. Хүн голохгүй өрөвдөж, хайрладаг болж. Гэсэн ч ээж минь намайг  өлсгөж цангааж байсангүй. “Хүний найз нөхөд хэзээ нэг өдөр урваад явна. Ээж аав хоёр нь мөнх биш, нэг л өдөр яваад өгнө. Нөхөрт гарлаа ч эр хүнд итгэхэд бэрх. Миний охин толгойндоо л их юм хийгээрэй. Тэр цагт хэн ч чамаас сурсан, эзэмшсэн эрдмийг чинь булаахгүй. Мэдлэгтэй эмэгтэй хүнийг хүн дээрэлхэж чаддаггүй юм. Ээжийгээ амьд байгаа дээр сурахын төлөө л бүхнийг зориул” гэж ээж минь байнга надад захидаг. “Эмэгтэй хүн цэвэрхэн, индүүдлэгтэй хувцастай л явбал сайхан харагддаг юм. Хүн хичнээн үнэтэй хувцас аваад хиртэй өмсвөл хэзээ ч үнэ цэнэтэй харагдахгүй” гэж бас байнга сургана. Ээж минь өөрөө ч энэ үгс шигээ байж чаддаг боловсролтой, цэмцгэр сайхан эмэгтэй. Ээжийнхээ энэ үгсийг надад мартаж байсан өдөр гэж байхгүй. Амьдралын минь эрхэм зарчмуудын нэг юм. Хатуу чанга үгээр намайг гомдоож, загнаж байсангүй. Гэр орны ажил хийлгэж байсангүй. Гэсэн ч намайг ийм л зөөлөн, дулаанаар сайн хүн болгон хүмүүжүүлжээ.
Одоо хархад даан ч бичиж дуусхааргүй их зовлонг ээж минь нуруун дээрээ үүрээд гарчээ. Олон ч жил өнгөрч. Зовсны эцэст жаргана гэж байдаг бол ийм л замаар ээж минь алхалж явна. Бас өтөлж яваа харагдах юм. Үүрд тас хархан гэзэгтэй байх юм шиг санадаг байсан ээжийн минь өтгөн хар үсэнд шанхнаасаа цагаан сор суугаад эхэлчихэж. Он цагийн урсгал нүднийх нь доор тодроод ирж. Үрийнхээ сэтгэлд мөнх залуугаараа, дэргэд минь үүрд байгаарай ээжээ!
Хайрт ээждээ