Tuesday, 4 September 2012

Асрамжын газар болон дауны синдром, тархины саажилттай хүүхдүүдэд тусалж, хандив цуглуулах твиттерчдийн үйл ажиллагаа


“Та ямар нэг золиос гаргаж түүндээ харамсаж байсан уу? Би л хувьдаа харамсдаггүй ээ! Учир нь юу вэ? Гээч. Золиос бүхний цаана илүү нандин зүйлс аврагдан үлддэг.
      Нууцлаг гэж ямар төлөвийг хэлэх вэ? Миний хувьд ил тод хэрнээ хэний ч мэдэж анзаардаггүй тийм үзэгдлийг тохируулж боддог.
          Хүмүүн гэж хэн бэ? Хоол унд, орон сууц, хэрэглээ төдийг гол болгох бидний төрөлийг лав хүмүүн гэхгүй. Харин энэ хэрэгцээндээ тулгуурлан бусдынхаа төлөө амьдарч чаддагийг нь хүмүүн гэнэ.”
     Та сая тархины саа өвчтэй Мөнхтулга хэмээх хориодхон настай хүүгийн бичсэн “Хүмүүний нууцлаг золиос” номын өмнөтгөл үгийг уншлаа. Гайхаж байна уу? Ийм хэцүү шаналантай атлаа инээгээд алхаж яваа биднээс илүү бодож, эргэцүүлж, сэтгэж байх юм! Энэ хүү түүний хэлснээр “хүмүүн” гэгчийн тодхон жишээ. Харин одоо та бүхэндээ олон асрамжын газарууд дундаас бидэнд хамгийн их сэтгэгдэл үлдээсэн хоёр асрамжын төвийн тухай тэмдэглэл хүргэе.

        Өчигдөр буюу 2012 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр бид улсад зургаахан байдаг асрамжын газарын нэг нь болох “Хүүхэд хамгаалах төв”-өөр зочилсон юм. Энэхүү төв нь хуучнаар НХХЯ-ны дэргэд байдаг ба Ганди сайдын хэрэгжүүлсэн төслийн хүрээнд хоёр дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа нь энэ аж. Хүүхдийн асрамжын газарт номын сан байгуулах гэсэн эртнээс бодож явцгаасан хүсэлдээ хөтлөгдөөд энд ирчихлээ. Тус яамны ажилтан жиргээч Тунгаа эгчийн санал болгосны дагуу Хүүхэд хамгааллын төвийн захирал Лхагвабаяр эгчтэй холбогдож ярихад биднийг уриалгахан хүлээж авсан юм. Энэхүү төвд бүтэн өнчин болон хагас өнчин гэсэн нь тогтоогдсон 4-18 насны нийт 56 хүүхэд амьдардаг. Эдгээр хүүхдүүд хулгай хийх, гэрээсээ оргож зугтдаг гэх мэтийн муу зуршилтай байсан ба одоогийн шилжилтийн үеийн золиос болсон. Тэдэнд бид огтхон ч бурууг тохмооргүй байна. Ухаан ч сууж амжаагүй яваа эдгээр дүү нар маань ямархан муу санаж ингэж байсан байхав дээ! Энэхүү төвийн гол онцлог нь хүүхдүүдийг хөгжмийн боловсролоор дамжуулан нийгэмшүүлж, хүмүүжүүлэх явдал юм. Лхагваа эгч маань биднийг дагуулан төвтэйгөө танилцуулж хөгжмийн сургалтын кабинетэд дагуулж орлоо. Үнэндээ кабинет гэхэд хэцүүхэн санагдах умгар өрөө юм л даа. Гэхдээ хүүхдүүдэд хангалттай хөгжмийн янз бүрийн зэмсэгүүд байгаа харагдав. Багшынхаа зааж буйг хичээнгүйлэн, бүр чин сэтгэлээсээ асууж шалгаан гитар сурч буй хоёр охиныг хараад дотроо нууцхан өрөвдөж, өдийг хүртэл эдэн шиг аливаад чин сэтгэл гарган чармайж байгаагүйгээ бодож амжлаа. Бидний гол зорилго бол тухайн асрамжын газарт хандив цуглуулан номын сан байгуулж өгөх явдал байсан. Ийнхүү Лхагваа эгч маань номын сан байгуулж болохуйц хоёр өрөөгөөр биднийг дагуулан орлоо. Нэг нь бол яг дээврийн хэсэгт байрлах жижигхээн өрөө. Тэнд хүүхдийн тоглоомын өрөө хийх гэж буйгаа Лхагваа эгч маань дуулгасан юм. Нөгөө нь бол тус төвд хаяг тогтоох газараас шилжиж ирсэн бичиг үсэггүй хүүхдүүдэд анхан шатны бичгийн боловсрол олгох саруулхан танхим байв. Гэвч хүүхдүүд байрлаж байгаа гэж хэлэхэд нэг л хэцүү хүйт даасан, зэвхий саарал ханатай, самбараа ч өлгөж амжаагүй өрөө байсан. 

Тэнд байдаг ном гэсэн нь ердөө одоо ЕБС-д боловсролын хөтөлбөрөөс хасагдсан, хэрэглэгдэхээ больсон хуучин сурах бичгүүд. Би л хувьдаа хүүхэд насаа үлгэрийн номгүйгээр төсөөлдөггүй. Эмээ минь их үлгэр уншиж өгдөг байсан. Харин энэ хүүхдүүдийн хувьд эмээгийн үлгэрийг орлох өнгөт цэцэгсийн, үлгэрийн орны зурагтай ном нэг ч алга. Ядаж ижий аавын алтан сургаалийг орлох нэг ч ном алга даа. Дан ганц академик боловсролын түвшинд биш өөр илүү олон зүйл дээр хүүхдүүд номоо уншаад өөрийгөө хөгжүүлж, аливаа нэгэн зүйлийг ойлгож ухаарч, дан ганц асрамжын газар өсөөд бэлэнчлэх сэтгэлгээ битгий суучихаасай гэсэндээ тэдэнд жиргээчид та бүхнийгээ зохион байгуулж буй хандивын үйл ажиллагаанд маань өөрийн чадах хэрээр туслана гэдэгт итгэж байна.

Маш олон газруудтай танилцсаны дотор ихэнх хувийн асрамжын газрууд нь ямар нэг шашины байгууллагын харъяанд байдгийг анзаарсан. Монгол улсын иргэн гэх харъяалалтай энэ олон өнчин үрсийг бид багаас нь л эхлэн тордож чадвал тэд хэзээ нэг өдөр гоёмсог дэлбээтэй сарнай болон гийгүүлнэ гэдэгт бид итгэдэг юм. Таны хийж буй ажил нь битгий “буян”-ы гэх тодотголтой байгаасай! Энэ бол ердөө хүүхдийн оюунд хөрөнгө оруулалт хийж буй таны үнэтэй хувь нэмэр юм. Бид зарим үед нэгэнт үзэл бодол нь бат суусан, аль эсвэл эвдэрч буруу замаар орсон нэгнийгээ өөрчлөхийг хүсдэг. Гэвч тийм биш. Аливааг цэвэр ариунаараа байхаас нь эхлэн нандигнах ёстой нь хорвоогийн жам. Одоо л хийх цаг нь мөн гэж бодож байна.

Яг энэхүү хүүхэд хамгаалах төвөөр хийсэн бяцхан аяллын дараахан нь орой 7 цагийн үед бид “Сувиллын цэцэрлэг яаслийн 10-р цогцолбор” буюу дауны синдром, тархины саажилттай хүүхдүүдийн асрах газарын захирал Буянжаргал эгч, нийгмийн ажилтан Энхбат эгч мөн Mercy Corps олон улсын байгууллагын олон нийттэй харилцах мэргэжилтэн Гантулга ахтай уулзацгаасан юм. Өмнө нь энэхүү байгууллагын тухай ямар ч төсөөлөл байсангүй. Ингээд бид тэдэнтэй хоёр цаг ярилцсаны эцэст дауны синдром болон тархины саа гэж ямар эмгэг болох талаар ойлголттой болсоон. Тэдний асрах цэцэрлэгт номын сан байгуулах тухай бодож байсан боловч бид зорилгоосоо жаахан хазайгаад хүүхдүүдэдээ хэрэгтэй хэрэгсэл, аппарат болон анги танхимаа тохижуулах бусад нөхцөлийг нь хангаж өгөхийг хүсэж эхэллээ.  Буянаа эгчийн хэлж байсан санаа нь манай цэцэрлэгт 1-12 насны хүүхдүүд л байдаг. Эндээс гараад тэднийг ямар ирээдүй хүлээж байгаа нь хамгийн өрөвдмөөр. Тэр хүүхдүүд нийгэмд харилцаанд орж төдийлөн чаддаггүй, бүр хүндэвтэр төрлийн өвчтэй хүүхдүүд нь насаараа хэн нэгний асрамж хараанд байх шаардлагатай болдог гэсэн юм. Хэрэв үнэхээр манай төвийн хүүхдүүдэд хичээл заах хэрэгсэл, бааз хангалттай байвал тархины саажилттай хүүхдүүдийн хувьд 100 хувь биш ч 70 хувиар өөрийнхөө хэл яриа, алхааг хөгжүүлэх боломжтой гэсэн юм.
 \Жич: Дауны синдром гэдэг нь хромосомын гажигаас болж үүддэг эмгэг ба тэдний хувьд аливааг өөрөө сэтгэж бодох чадваргүй. Биологийн нас нь хөгшин ч тухайн хүний сэтгэхүй хүүхдээрээ байсаар байна гэсэн үг юм. Саажилттай хүүхдүүдээс ялгаатай нь тэд чөлөөтэй хөдлөж чаддаг боловч үг хэлж төдийлөн чадахгүй. Харин рефлексээрэ даган дуурайх үйлдэл хийх чадвартай байдаг гэнэ. Тухайлвал нэг номыг А цэгээс Б цэгт аваачиж харуулаад үүнийг хий гэвэл яг тухайн үйлдлийг хийж чаддаг. Ямар нэг зүйл хийж байхад нь тасалдуулж зогсоовол их эмоцитой хандаж уурладаг хэмээн Энхбат эгч маань тайлбарласан юм.

 Харин тархины саа өвчтэй хүүхдүүд нь сэтгэж, бодож, ярьж чадна. Гол хүндрэл нь хөдөлгөөний тал дээр асуудалтай хүүхдүүд юм.\

        Ямартай ч сонссоны эцэст бодитой үйл хэрэг болгохын тулд бид тухайн газараар зочилж үзэхээр шийдлээ. Ингээд өнөө өглөө энэхүү цэцэрлэгийг зорьж очсон юм. Такситай хайж хайж явж очсоны эцэст гаднаас нь харахад л хуучирч нурах дөхсөн шахуу барилга байх ажээ. Гаднах барилгын будаг халцарч муудсан, цэцэрлэгийн гаднах орчин ч хангалттай хүүхдэд зориулан тохьжоогүй санагдлаа. Дотогш ороод Энхбат эгчтэй уулзаж биднийг асрах төвөөрөө дагуулж эхнээс нь бүлгүүдээ танилцуулж эхэлсэн юм. Эхний орсон бүлэг нь хамгийн бага насны хүүхдүүд байрладаг 1-4 насны хүүхдүүд байв. Харахад хайр татам эдгээр үрс маань ихэнх нь тэргэнцэр дээр сууж байгаа харагдана. Төрөлхийн тархины саажилтаасаа болоод зарим нь нуруугаа далийлгаж, хүзүүгээ гилжийлгэж суух юм. Энэхүү гажигыг нь тусгай тэнийлгэдэг аппаратаар багаас нь л эмчлэхгүй бол насан туршдаа нуруу нугас нь далийж, сүүлдээ бүр дотор эрхтэн болох зүрх уушгаа дарж амьсгалах аргагүй болгодог гэнэ. Цэцэрлэгийн бүх өрөөнд хүүхэд байх боломж муутай мэт санагдсан. Учир нь шалан дээр нь ядахнээ дрож ч байхгүй хүйтэн хулдаасан шалтай, хана нь ч өнгө муутайхан гэгээгүй байв. Сүүлийн жилүүдэд ямар нэг засвар хийгээгүй гэж Энхбат эгч маань хэлж байсан. Бүх нийтийн хавтгайрсан халамжын оронд зөвхөн хамгийн хэрэгцээтэй хэсэгт нь улсын төсвийг зарцуулж байгаасай гэж хүсэх юм. Яг л энэхүү хүүхдүүдэд хүн бүрийн тус яах аргагүй дутах ажээ. Өнчин хүүхдүүдийг бодвол тэдэнд эцэг эх бий ч гэсэн иймэрхүү өвчиндөө энэлэн шаналан суугаа тэднийг харах бидэнд нүд хальтирам байсаан. Энэхүү бүлгийг хариуцаж ажилладаг багш нь –Бидэнд янз бүрийн бийр, зургийн хэрэгсэл, баримлын шавар, том зурагт үсгүүд, хүүхдүүдэд хүүхэлдэйн кино үзэх зурагт гэх мэтийн зүйлс дутагдаж байгаа. Саатай хүүхдүүд нарийхан үзэг, бийр барьж чаддаггүй учир бүдүүн байх нь тэдний гарын хөдөлгөөнийг илүү хөгжүүлж чадах гэнэ. Тэдэнд тоо заахаас илүү сэтгэн бодох чадварыг нь сайжруулах зүйл заах нь илүү үр дүнтэй аж. Эрүүл хүүхдүүдийг бодвол тархины саажилттай хүүхдүүд ямар нэг гадаад хэл сурах нь маш хурдан байдаг тухай мөн дурьдсан юм. Бүх ангиуд л ийм маягтай намайг угтсан. Тэнд ажиллаж буй багш нарт талархахаас өөр арга байсангүй.  \Тэдний цалин жирийн цэцэрлэгийн багш нарынхтай л адил түвшинд байдагт гайхсан шүү\ Бүлгүүдтэй танилцаж, хүүхдүүдтэй хэдэн цаг хамт байсны дараагаар Энхбат эгч биднийг өрөөндөө дагуулж ороод бусад орны ийм цэцэрлэг төвүүд ямархуу орчин нөхцөлтэй байдгийг харуулсан. Үнэхээр хангалттай хэмжээний тохижилт болоод баазтай байдаг юм билээ. Харин манайх нэг иймэрхүү \утсаар авсан тул зургийн чанар муу байгаад хүлцэл өчье\ :

Үүд хэсгээсээ авхуулаад тус төвийн коридорууд иймэрхүү байлаа. Мөн халаалт муутай байдаг байх гэж бодогдсон.

Энэ бол тархины саажилттай хүүхдүүд. Харин энэ наана байгаа нь Хүрэлсүх хэмээх хүү. Яг биднийг анги руу ороход тэрээр уйлж байхыг нь хараад бид ч дагаад уйлчихсан шүү хэхэ

Энэ бол ангиудын коридорт байрлах угаалтуур. Ихэнх зэвхий даасан саарал ханаа халхлах гэж янз бүрийн хайчилбар наасан байхыг харлаа.

Хүүхдүүдэд тоглох тоглоом хүрэлцээ муутай.

\тайлбаргүй\

Энд ч мөн адил тархины саажилттай хүүхдүүдийн хамгийн бага насны анги нь харагдаж байна. Хүйтэн хулдаасан шалан дээр нимэгхэн гудас дэвссэн байдаг юм билээ. Тэр харагдаж буй ногоон хувцастай хүү өөрийнхөө нэр, насыг танилцуулсан. Өөрийг нь үнсэж өхөөрдөхөд их дуртай байсан. Гэвч толгойгоо өргөж чадахгүй, бидэнд толгойгоо өргөж үзүүлэх гэж их хичээсэн шүү.

Тус төвийн доторхи нэг иймэрхүү.

\тайлбаргүй\

       Ийнхүү санаачилсан хандивын үйл ажиллагаанд цугларах мөнгөн хөрөнгөөрөө бүгдийг биш ч тус цэцэрлэгийн нэг бүлгийн өрөөг сонгож аваад засвар хийн тохижуулж, тэдэнд хэрэгтэй зарим нэг аппарат, хичээллэх хэрэгслийг нь авч өгье хэмээн бодсон юм. Үнэхээр л хүний төлөө явдагийг нь хүмүүн хэмээн нэрийддэг бол та бид ч үзэхийн хязгаар хүртлээ хүмүүн болохын төлөө жаахан ч атугай бэдэръе!

Санаачилсан үйл ажиллагааны тухайд:

Анх зөвхөн номын сан байгуулж өгөх зорилго агуулж байсан хүсэл маань дауны синдромтой хүүхдүүдийн цэцэрлэгийн нэг өрөөг тохижуулж, тоноглож өгөх гэсэн хоёр зорилготой болсон юм. Ийнхүү жиргээчдээсээ зөвхөн хандив цуглуулаад зогсохгүй өөрсдөө нэгэн үдэш сайн сайхан үйлсийнхээ төлөө нэгдэе хэмээн шийдэж жиргээчид та бүхнээсээ хандив цуглуулах үдэшлэгийг зохион байгуулах гэж байна. Энэхүү үдэшлэгийг зохион байгуулах үйл ажиллагааг манай жиргээч охид болох Үлэмж, Золзаяа, Хэрлэнзаяа гурав маань тусалж байгаа билээ. Залуучууд аливаа нэг зүйлийг санаачлаад гардаж аваад хийвэл ажил хэрэг болж чаддаг гэдгийг ч харуулах гэсэн зорилготой.

“Jazz and Art” буюу хандив цуглуулах үдэшлэгийн тухайд:

-      Бяцхан үрсийнхээ эрүүл энх болоод оюуны төлөө хөрөнгө оруулж, туслах сонирхолтой ямар ч жиргээч ТАХ-гүй энэхүү үдэшлэгт хүрэлцэн ирэх боломжтой
-       Энэхүү үдэшлэгт маань хүүхэд хамгааллын төвийн хөгжмийн хамтлаг хүрэлцэн ирж нэг номер танилцуулна. Ийм л хүүхдүүдэд бид туслах гэж байгаагаа бодитоор харах нь зүйтэй болов уу.
-     Үдэшлэгийн нэг өнцөг нь гагцхүү хандивын арга хэмжээ байгаад зогсохгүй зураач найз нарын маань нийт 12 бүтээл тавигдана. Зарим нэг зургыг дуудлага худалдаагаар худалдаалж орлогыг хандивын сандаа нэмэрлэх юм. 
-          Босоо хүлээн авалт буюу cocktail party-нд маань үнэ төлбөргүйгээр хөтлөгч, дуучид, хамтлагууд ирэх юм. Тэдний нэг нь манай жиргээч Гантулга, Билгүүн нар маань. Мөн жазз дуучин Наагий ч ирж уран бүтээлээ сонирхуулна.
-     C&C lounge-д болох ба тус газараас бидний үйл ажиллагааг дэмжиж гурван цаг үнэ төлбөргүйгээр ашиглах боломжыг өгсөн билээ.

Хаяг: Гурван гал худалдааны төвийн офис, 7 давхар, C&C loungе
Хэзээ: 2012.09.13-нд Пүрэв гараг , 19 цагт

-       
Гэх мэтчилэн сайн санаат хүмүүсийн буянаар жиргээчидийн маань зохион байгуулж буй хандив цуглуулах үйл ажиллагаа эзэндээ хүрсэн сайхан үйлс болох болтугай хэмээн найдаж байна.
Манай хандивын данс \ХААН Банк\: 500372 1365


Сайн үйлс дэлгэрэх болтугай!


7 comments:

  1. Handiviin udeshlegt ochij amjihgui ch handiv ogoh huseltei humuust zoriulaad banknii dans tavij boloh uu?

    ReplyDelete
    Replies
    1. Dans ni baishd nudee bak tom bolgood har haha

      Delete
  2. үнэхээр гоё юм аа. би оюутаны хөдөлгөөнд үйлчилдэг. Христчин оюутаны хөдөлгөөн л дөө. бид санхүүгээр тийм их дэмжиж чадахгүй ч манай хөдөлгөөний хүүхдүүд таны зохион байгуулж буй хөтөлбөр, мөн асрах төвүүд дээр очиж үйлчилэхэд бэлэн байна шүү... би ямартаа ч хандивийн үдэшлэгт очно оо. Хэрвээ тусламж хэрэгтэй бол та надтай холбоо бариарай... миний утас 88624790 туслахыг маш их хүсэж байгаа тул бидэнтэй холбоо барихыг хичээгээрэй.... таны зохион байгуулж байгаа ажлыг Бурхан ивээг....

    ReplyDelete
  3. Баярлалаа та бүхэндээ. Өнөөдөртөө бид ХААН банкин дээр хандивын дансаа нээж олонд тараах болноо. Хандив цугларсны дараагаар бид өөрсдөө очиж ангийг тохижуулж өгөх хүсэлтэй байгаа. Тиймээс хамтарч бололгүй яахав. Бас дахин баярлалаа.

    ReplyDelete
  4. sain baina uu. Ooriin chini niitlel bolon tavisan zurguudiig haraad oorin erkhgui uillaa. Handiviin dansaa ogoorei. Ooroo ch handiv ogie, orool busdaar ch handiv orguulie.

    ReplyDelete
    Replies
    1. Таньд маш их баярлалаа. Сайхан сэтгэлт хүмүүсийн үйлс нь дэлгэрч, амьдрал нь улам өөдөө дэвшиж байх болтугай. Манай хандивын данс маань 5003721365 \Хаан Банк\

      Delete
  5. Энэ үдэшлэгний зардлыг хаанаас гаргаж байгаан бол?

    Хачин юм асууж байгаад уучлаарай. Гэхдээ мөнгө төгрөгтэй холбоотой юм ер нь л их хэцүү байдаг шдээ тэ :)

    ReplyDelete