Thursday 27 September 2012

Бидний ...




Тамхи асаах шиг
Тамхи сорох шиг
Утааг нь үлээх шиг
Утааг нь уусгах шиг
Бидний амраглал
Тийм нялуун

Дарс нэрэх шиг
Дарс уух шиг
Хундаганд орох шиг
Хундага нь хагарах шиг
Бидний болзоо
Тийм догдлом

Хөгжим сонсох шиг
Хөгжим мэдрэх шиг
Гитарын дөрөвдүгээр утас шиг
Дугарахдаа үнэн нэхэх шиг
Бидний хайр
Тийм яруу

Хүүхэд нойрсох шиг
Хүүхэд зүүдлэх шиг
Зүүдэндээ мишээх шиг
Зүүрмэглэж сэрэх шиг
Бидний учрал
Тийм аниргүй.


Wednesday 12 September 2012

Jazz&Art Night fund rising хүлээн авалт


"Жиргээчид"-ийн өрнүүлж эхлээд буй сайн үйлсийн аяны тухайд:

Хүний амьдрал дан ганц өөрийгөө болгож бүтээснээр мөн чанар нь оршихгүй. Миний нэг хэлэх дуртай үг бий. Бидэнд хоёр гар заяасан, нэгээр нь өөрийн амьдралыг босгож нөгөөгөөр нь бусдын амьдралыг бүтээх хэрэгтэй. Тиймдээ ч энэхүү дауны синдром болон тархины саажилттай хүүхдүүдэд туслах хандивын аянг өрнүүлж эхлээд буй билээ.
            Монгол “жиргээч” гэх тодотголтой хүмүүсийн хүрээлэлд энэхүү үйл ажиллагаа маань хоёр зорилго чиглэлтэй өрнөж байна. Нэгт, Хүүхэд хамгаалах төвд номын тэнхим байгуулж өгөх. Тухайн төвөөр зочлож үзсэн сэтгэгдлээсээ хувцаалцахад тэдэнд боловсролын програмаас хасагдсан хуучин сурах бичгүүд л байдаг. 4-18 насны хүүхдүүд чөлөөт цагаараа унших бусад категорийн номууд байдаггүй нь харамсалтай санагдсан. Тиймээс бид эх орныхоо ирээдүй болсон дүү нартаа зориулж уншихаа больсон номнуудаасаа хандивлах төдийгүй хандивын дансанд цугларсан мөнгөний тодорхой хувиас Хүүхэд хамгааллын төвд номын тэнхим байгуулж өгөх юм. Хоёрт, дауны синдром болон тархины саажилттай 1-12 настай хүүхдүүдийн ясль, цэцэрлэгийн 10-р цогцолборт нэг өрөөг нь тохижуулж, тархины саажилттай хүүхдүүдийн эмчилгээнд шаардлагатай аппаратыг авч өгөх. Улсад зургаахан байдаг асрамжын газаруудын нэг болох энэхүү цэцэрлэгийн байр нь 1964 онд баригдсан ба актлагдсан гэх тодотголтой. Харъяа яаманд мэдэгдэл хүргүүлж байсан ч олон ч удаа буцаагдсан гэж удирдлагууд нь хэлж байсан юм. Харахад үнэхээр хүүхэд өсөж торних ямар ч боломжгүй чийгтэй, хана нь нурах дөхсөн барилга байсан. Түүнчлэн тэдэнд эмчилгээнд хэрэглэх аппарат нь хомс байдаг ба байдаг хэд нь эвдэрсэн, засварласан аппаратууд байдаг юм билээ. Нэг аппарат нь чанараасаа шалтгаалаад 200-300 доллар, 2000-3000 доллар гээд янз бүрийн үнэтэй. Иймээс “жиргээч”-ид бид бүхэн хандивт цугларсан мөнгөөрөө барилгыг бүхэлд нь биш юмаа гэхэд нэг бүлгийн өрөөг нь сонгон авч засаж тохижуулахаар зорьсон юм.
            Одоогийн байдлаар дансанд маань сайхан сэтгэлт хүмүүсийн хандивласан нийт 630.000 төгрөг цуглараад байна. Хандив цуглуулах аян маань дуусах болоогүй байгаа бөгөөд та бүхэн Хаан банкны 5003721365 гэсэн дансруу сэтгэлийн өргөлөө өргөж, дауны синдром болон тархины саажилттай хүүхдүүдийн амьдралыг гэрэлтүүлэх боломжтой. Бидний энэхүү хүүхдүүдэд зориулсан арга хэмжээ маань үүгээр зогсохгүй цааш цаашдаа Шонхор ТВ-ээр цуврал нэвтрүүлэг хийж олонд энэ талаар ойлголт өгөх ба бусад залуучуудыгаа ч сайн сайхан зүйлд уриалах болно. Social network-ын хэрэглэгч та бүхэн энэхүү сайн үйлсийн аянд маань нэгдэж хүүхдүүдэд ном болон бусад зүйлсээр туслаж дэмжээрэй хэмээн уриалж байна.



            Jazz&Art Night fund rising хүлээн авалтын тухайд:

Энэхүү хандив цуглуулах үдэшлэгт маань “жиргээч” гэх тодотголтой, хүүхдүүдэд туслах хүсэлтэй хүн бүр ирэх боломжтой. Арга хэмжээ маань ТАХ-гүй бөгөөд та нэг үдшийг хүүүхдүүдэд туслаад зогсохгүй жазз дуу сонсож, уран зураг болон хар цагаан фото зургийн үзэсгэлэн үзэж, коктэйлээр дайлуулан өнгөрөөх боломжтой.

- Үдэшлэгт: - Жазз дуучин Наагий
- Дуурийн дуучин Гантулга
-       Дуучин Билгүүн
-       Sweety Motion хамтлаг
-       Дуучин ВХ, Quiza нар хүрэлцэн ирж ая дуугаа өргөх юм. Мөн үдэшлэгийн хөтлөгчөөр сэтгүүлч Болорбат, “жиргээч” Оюунзул нар байх юм.

-       Үдэшлэгт бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байсан 4 зураачдын шилдэг 12 уран бүтээл тавигдах ба энэхүү бүтээлүүдээс нэг зургыг дуудлага худалдаанд оруулж хандивын дансандаа өргөнө.

-       Тархины саажилттай болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хар цагаан фото зургын үзэсгэлэн гарна.

-       Үдэшлэгт ирнээр та бүхэн дауны синдром гэж юу болох? Тархины саажилт гэж юу болох? Талаар богино хэмжээний \10мин\ presentation илтгэлийг сонсоно.

-       Хандивын хорго байрлах ба та бүхэн Хүүхэд хамгааллын төвийн номын фондонд ном хандивлах боломжтой.

Жич: Dress code-той

Хаана: Гурван гал худалдааны төв, 7 давхар, C&C lounge
Хэзээ: 2012 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр буюу Пүрэв гараг, 19.00 цаг

Сайн үйлс дэлгэрч, сайхан сэтгэлт та бүхний минь заяа тэгш байх болтугай!

Tuesday 4 September 2012

Асрамжын газар болон дауны синдром, тархины саажилттай хүүхдүүдэд тусалж, хандив цуглуулах твиттерчдийн үйл ажиллагаа


“Та ямар нэг золиос гаргаж түүндээ харамсаж байсан уу? Би л хувьдаа харамсдаггүй ээ! Учир нь юу вэ? Гээч. Золиос бүхний цаана илүү нандин зүйлс аврагдан үлддэг.
      Нууцлаг гэж ямар төлөвийг хэлэх вэ? Миний хувьд ил тод хэрнээ хэний ч мэдэж анзаардаггүй тийм үзэгдлийг тохируулж боддог.
          Хүмүүн гэж хэн бэ? Хоол унд, орон сууц, хэрэглээ төдийг гол болгох бидний төрөлийг лав хүмүүн гэхгүй. Харин энэ хэрэгцээндээ тулгуурлан бусдынхаа төлөө амьдарч чаддагийг нь хүмүүн гэнэ.”
     Та сая тархины саа өвчтэй Мөнхтулга хэмээх хориодхон настай хүүгийн бичсэн “Хүмүүний нууцлаг золиос” номын өмнөтгөл үгийг уншлаа. Гайхаж байна уу? Ийм хэцүү шаналантай атлаа инээгээд алхаж яваа биднээс илүү бодож, эргэцүүлж, сэтгэж байх юм! Энэ хүү түүний хэлснээр “хүмүүн” гэгчийн тодхон жишээ. Харин одоо та бүхэндээ олон асрамжын газарууд дундаас бидэнд хамгийн их сэтгэгдэл үлдээсэн хоёр асрамжын төвийн тухай тэмдэглэл хүргэе.

        Өчигдөр буюу 2012 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр бид улсад зургаахан байдаг асрамжын газарын нэг нь болох “Хүүхэд хамгаалах төв”-өөр зочилсон юм. Энэхүү төв нь хуучнаар НХХЯ-ны дэргэд байдаг ба Ганди сайдын хэрэгжүүлсэн төслийн хүрээнд хоёр дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа нь энэ аж. Хүүхдийн асрамжын газарт номын сан байгуулах гэсэн эртнээс бодож явцгаасан хүсэлдээ хөтлөгдөөд энд ирчихлээ. Тус яамны ажилтан жиргээч Тунгаа эгчийн санал болгосны дагуу Хүүхэд хамгааллын төвийн захирал Лхагвабаяр эгчтэй холбогдож ярихад биднийг уриалгахан хүлээж авсан юм. Энэхүү төвд бүтэн өнчин болон хагас өнчин гэсэн нь тогтоогдсон 4-18 насны нийт 56 хүүхэд амьдардаг. Эдгээр хүүхдүүд хулгай хийх, гэрээсээ оргож зугтдаг гэх мэтийн муу зуршилтай байсан ба одоогийн шилжилтийн үеийн золиос болсон. Тэдэнд бид огтхон ч бурууг тохмооргүй байна. Ухаан ч сууж амжаагүй яваа эдгээр дүү нар маань ямархан муу санаж ингэж байсан байхав дээ! Энэхүү төвийн гол онцлог нь хүүхдүүдийг хөгжмийн боловсролоор дамжуулан нийгэмшүүлж, хүмүүжүүлэх явдал юм. Лхагваа эгч маань биднийг дагуулан төвтэйгөө танилцуулж хөгжмийн сургалтын кабинетэд дагуулж орлоо. Үнэндээ кабинет гэхэд хэцүүхэн санагдах умгар өрөө юм л даа. Гэхдээ хүүхдүүдэд хангалттай хөгжмийн янз бүрийн зэмсэгүүд байгаа харагдав. Багшынхаа зааж буйг хичээнгүйлэн, бүр чин сэтгэлээсээ асууж шалгаан гитар сурч буй хоёр охиныг хараад дотроо нууцхан өрөвдөж, өдийг хүртэл эдэн шиг аливаад чин сэтгэл гарган чармайж байгаагүйгээ бодож амжлаа. Бидний гол зорилго бол тухайн асрамжын газарт хандив цуглуулан номын сан байгуулж өгөх явдал байсан. Ийнхүү Лхагваа эгч маань номын сан байгуулж болохуйц хоёр өрөөгөөр биднийг дагуулан орлоо. Нэг нь бол яг дээврийн хэсэгт байрлах жижигхээн өрөө. Тэнд хүүхдийн тоглоомын өрөө хийх гэж буйгаа Лхагваа эгч маань дуулгасан юм. Нөгөө нь бол тус төвд хаяг тогтоох газараас шилжиж ирсэн бичиг үсэггүй хүүхдүүдэд анхан шатны бичгийн боловсрол олгох саруулхан танхим байв. Гэвч хүүхдүүд байрлаж байгаа гэж хэлэхэд нэг л хэцүү хүйт даасан, зэвхий саарал ханатай, самбараа ч өлгөж амжаагүй өрөө байсан. 

Тэнд байдаг ном гэсэн нь ердөө одоо ЕБС-д боловсролын хөтөлбөрөөс хасагдсан, хэрэглэгдэхээ больсон хуучин сурах бичгүүд. Би л хувьдаа хүүхэд насаа үлгэрийн номгүйгээр төсөөлдөггүй. Эмээ минь их үлгэр уншиж өгдөг байсан. Харин энэ хүүхдүүдийн хувьд эмээгийн үлгэрийг орлох өнгөт цэцэгсийн, үлгэрийн орны зурагтай ном нэг ч алга. Ядаж ижий аавын алтан сургаалийг орлох нэг ч ном алга даа. Дан ганц академик боловсролын түвшинд биш өөр илүү олон зүйл дээр хүүхдүүд номоо уншаад өөрийгөө хөгжүүлж, аливаа нэгэн зүйлийг ойлгож ухаарч, дан ганц асрамжын газар өсөөд бэлэнчлэх сэтгэлгээ битгий суучихаасай гэсэндээ тэдэнд жиргээчид та бүхнийгээ зохион байгуулж буй хандивын үйл ажиллагаанд маань өөрийн чадах хэрээр туслана гэдэгт итгэж байна.

Маш олон газруудтай танилцсаны дотор ихэнх хувийн асрамжын газрууд нь ямар нэг шашины байгууллагын харъяанд байдгийг анзаарсан. Монгол улсын иргэн гэх харъяалалтай энэ олон өнчин үрсийг бид багаас нь л эхлэн тордож чадвал тэд хэзээ нэг өдөр гоёмсог дэлбээтэй сарнай болон гийгүүлнэ гэдэгт бид итгэдэг юм. Таны хийж буй ажил нь битгий “буян”-ы гэх тодотголтой байгаасай! Энэ бол ердөө хүүхдийн оюунд хөрөнгө оруулалт хийж буй таны үнэтэй хувь нэмэр юм. Бид зарим үед нэгэнт үзэл бодол нь бат суусан, аль эсвэл эвдэрч буруу замаар орсон нэгнийгээ өөрчлөхийг хүсдэг. Гэвч тийм биш. Аливааг цэвэр ариунаараа байхаас нь эхлэн нандигнах ёстой нь хорвоогийн жам. Одоо л хийх цаг нь мөн гэж бодож байна.

Яг энэхүү хүүхэд хамгаалах төвөөр хийсэн бяцхан аяллын дараахан нь орой 7 цагийн үед бид “Сувиллын цэцэрлэг яаслийн 10-р цогцолбор” буюу дауны синдром, тархины саажилттай хүүхдүүдийн асрах газарын захирал Буянжаргал эгч, нийгмийн ажилтан Энхбат эгч мөн Mercy Corps олон улсын байгууллагын олон нийттэй харилцах мэргэжилтэн Гантулга ахтай уулзацгаасан юм. Өмнө нь энэхүү байгууллагын тухай ямар ч төсөөлөл байсангүй. Ингээд бид тэдэнтэй хоёр цаг ярилцсаны эцэст дауны синдром болон тархины саа гэж ямар эмгэг болох талаар ойлголттой болсоон. Тэдний асрах цэцэрлэгт номын сан байгуулах тухай бодож байсан боловч бид зорилгоосоо жаахан хазайгаад хүүхдүүдэдээ хэрэгтэй хэрэгсэл, аппарат болон анги танхимаа тохижуулах бусад нөхцөлийг нь хангаж өгөхийг хүсэж эхэллээ.  Буянаа эгчийн хэлж байсан санаа нь манай цэцэрлэгт 1-12 насны хүүхдүүд л байдаг. Эндээс гараад тэднийг ямар ирээдүй хүлээж байгаа нь хамгийн өрөвдмөөр. Тэр хүүхдүүд нийгэмд харилцаанд орж төдийлөн чаддаггүй, бүр хүндэвтэр төрлийн өвчтэй хүүхдүүд нь насаараа хэн нэгний асрамж хараанд байх шаардлагатай болдог гэсэн юм. Хэрэв үнэхээр манай төвийн хүүхдүүдэд хичээл заах хэрэгсэл, бааз хангалттай байвал тархины саажилттай хүүхдүүдийн хувьд 100 хувь биш ч 70 хувиар өөрийнхөө хэл яриа, алхааг хөгжүүлэх боломжтой гэсэн юм.
 \Жич: Дауны синдром гэдэг нь хромосомын гажигаас болж үүддэг эмгэг ба тэдний хувьд аливааг өөрөө сэтгэж бодох чадваргүй. Биологийн нас нь хөгшин ч тухайн хүний сэтгэхүй хүүхдээрээ байсаар байна гэсэн үг юм. Саажилттай хүүхдүүдээс ялгаатай нь тэд чөлөөтэй хөдлөж чаддаг боловч үг хэлж төдийлөн чадахгүй. Харин рефлексээрэ даган дуурайх үйлдэл хийх чадвартай байдаг гэнэ. Тухайлвал нэг номыг А цэгээс Б цэгт аваачиж харуулаад үүнийг хий гэвэл яг тухайн үйлдлийг хийж чаддаг. Ямар нэг зүйл хийж байхад нь тасалдуулж зогсоовол их эмоцитой хандаж уурладаг хэмээн Энхбат эгч маань тайлбарласан юм.

 Харин тархины саа өвчтэй хүүхдүүд нь сэтгэж, бодож, ярьж чадна. Гол хүндрэл нь хөдөлгөөний тал дээр асуудалтай хүүхдүүд юм.\

        Ямартай ч сонссоны эцэст бодитой үйл хэрэг болгохын тулд бид тухайн газараар зочилж үзэхээр шийдлээ. Ингээд өнөө өглөө энэхүү цэцэрлэгийг зорьж очсон юм. Такситай хайж хайж явж очсоны эцэст гаднаас нь харахад л хуучирч нурах дөхсөн шахуу барилга байх ажээ. Гаднах барилгын будаг халцарч муудсан, цэцэрлэгийн гаднах орчин ч хангалттай хүүхдэд зориулан тохьжоогүй санагдлаа. Дотогш ороод Энхбат эгчтэй уулзаж биднийг асрах төвөөрөө дагуулж эхнээс нь бүлгүүдээ танилцуулж эхэлсэн юм. Эхний орсон бүлэг нь хамгийн бага насны хүүхдүүд байрладаг 1-4 насны хүүхдүүд байв. Харахад хайр татам эдгээр үрс маань ихэнх нь тэргэнцэр дээр сууж байгаа харагдана. Төрөлхийн тархины саажилтаасаа болоод зарим нь нуруугаа далийлгаж, хүзүүгээ гилжийлгэж суух юм. Энэхүү гажигыг нь тусгай тэнийлгэдэг аппаратаар багаас нь л эмчлэхгүй бол насан туршдаа нуруу нугас нь далийж, сүүлдээ бүр дотор эрхтэн болох зүрх уушгаа дарж амьсгалах аргагүй болгодог гэнэ. Цэцэрлэгийн бүх өрөөнд хүүхэд байх боломж муутай мэт санагдсан. Учир нь шалан дээр нь ядахнээ дрож ч байхгүй хүйтэн хулдаасан шалтай, хана нь ч өнгө муутайхан гэгээгүй байв. Сүүлийн жилүүдэд ямар нэг засвар хийгээгүй гэж Энхбат эгч маань хэлж байсан. Бүх нийтийн хавтгайрсан халамжын оронд зөвхөн хамгийн хэрэгцээтэй хэсэгт нь улсын төсвийг зарцуулж байгаасай гэж хүсэх юм. Яг л энэхүү хүүхдүүдэд хүн бүрийн тус яах аргагүй дутах ажээ. Өнчин хүүхдүүдийг бодвол тэдэнд эцэг эх бий ч гэсэн иймэрхүү өвчиндөө энэлэн шаналан суугаа тэднийг харах бидэнд нүд хальтирам байсаан. Энэхүү бүлгийг хариуцаж ажилладаг багш нь –Бидэнд янз бүрийн бийр, зургийн хэрэгсэл, баримлын шавар, том зурагт үсгүүд, хүүхдүүдэд хүүхэлдэйн кино үзэх зурагт гэх мэтийн зүйлс дутагдаж байгаа. Саатай хүүхдүүд нарийхан үзэг, бийр барьж чаддаггүй учир бүдүүн байх нь тэдний гарын хөдөлгөөнийг илүү хөгжүүлж чадах гэнэ. Тэдэнд тоо заахаас илүү сэтгэн бодох чадварыг нь сайжруулах зүйл заах нь илүү үр дүнтэй аж. Эрүүл хүүхдүүдийг бодвол тархины саажилттай хүүхдүүд ямар нэг гадаад хэл сурах нь маш хурдан байдаг тухай мөн дурьдсан юм. Бүх ангиуд л ийм маягтай намайг угтсан. Тэнд ажиллаж буй багш нарт талархахаас өөр арга байсангүй.  \Тэдний цалин жирийн цэцэрлэгийн багш нарынхтай л адил түвшинд байдагт гайхсан шүү\ Бүлгүүдтэй танилцаж, хүүхдүүдтэй хэдэн цаг хамт байсны дараагаар Энхбат эгч биднийг өрөөндөө дагуулж ороод бусад орны ийм цэцэрлэг төвүүд ямархуу орчин нөхцөлтэй байдгийг харуулсан. Үнэхээр хангалттай хэмжээний тохижилт болоод баазтай байдаг юм билээ. Харин манайх нэг иймэрхүү \утсаар авсан тул зургийн чанар муу байгаад хүлцэл өчье\ :

Үүд хэсгээсээ авхуулаад тус төвийн коридорууд иймэрхүү байлаа. Мөн халаалт муутай байдаг байх гэж бодогдсон.

Энэ бол тархины саажилттай хүүхдүүд. Харин энэ наана байгаа нь Хүрэлсүх хэмээх хүү. Яг биднийг анги руу ороход тэрээр уйлж байхыг нь хараад бид ч дагаад уйлчихсан шүү хэхэ

Энэ бол ангиудын коридорт байрлах угаалтуур. Ихэнх зэвхий даасан саарал ханаа халхлах гэж янз бүрийн хайчилбар наасан байхыг харлаа.

Хүүхдүүдэд тоглох тоглоом хүрэлцээ муутай.

\тайлбаргүй\

Энд ч мөн адил тархины саажилттай хүүхдүүдийн хамгийн бага насны анги нь харагдаж байна. Хүйтэн хулдаасан шалан дээр нимэгхэн гудас дэвссэн байдаг юм билээ. Тэр харагдаж буй ногоон хувцастай хүү өөрийнхөө нэр, насыг танилцуулсан. Өөрийг нь үнсэж өхөөрдөхөд их дуртай байсан. Гэвч толгойгоо өргөж чадахгүй, бидэнд толгойгоо өргөж үзүүлэх гэж их хичээсэн шүү.

Тус төвийн доторхи нэг иймэрхүү.

\тайлбаргүй\

       Ийнхүү санаачилсан хандивын үйл ажиллагаанд цугларах мөнгөн хөрөнгөөрөө бүгдийг биш ч тус цэцэрлэгийн нэг бүлгийн өрөөг сонгож аваад засвар хийн тохижуулж, тэдэнд хэрэгтэй зарим нэг аппарат, хичээллэх хэрэгслийг нь авч өгье хэмээн бодсон юм. Үнэхээр л хүний төлөө явдагийг нь хүмүүн хэмээн нэрийддэг бол та бид ч үзэхийн хязгаар хүртлээ хүмүүн болохын төлөө жаахан ч атугай бэдэръе!

Санаачилсан үйл ажиллагааны тухайд:

Анх зөвхөн номын сан байгуулж өгөх зорилго агуулж байсан хүсэл маань дауны синдромтой хүүхдүүдийн цэцэрлэгийн нэг өрөөг тохижуулж, тоноглож өгөх гэсэн хоёр зорилготой болсон юм. Ийнхүү жиргээчдээсээ зөвхөн хандив цуглуулаад зогсохгүй өөрсдөө нэгэн үдэш сайн сайхан үйлсийнхээ төлөө нэгдэе хэмээн шийдэж жиргээчид та бүхнээсээ хандив цуглуулах үдэшлэгийг зохион байгуулах гэж байна. Энэхүү үдэшлэгийг зохион байгуулах үйл ажиллагааг манай жиргээч охид болох Үлэмж, Золзаяа, Хэрлэнзаяа гурав маань тусалж байгаа билээ. Залуучууд аливаа нэг зүйлийг санаачлаад гардаж аваад хийвэл ажил хэрэг болж чаддаг гэдгийг ч харуулах гэсэн зорилготой.

“Jazz and Art” буюу хандив цуглуулах үдэшлэгийн тухайд:

-      Бяцхан үрсийнхээ эрүүл энх болоод оюуны төлөө хөрөнгө оруулж, туслах сонирхолтой ямар ч жиргээч ТАХ-гүй энэхүү үдэшлэгт хүрэлцэн ирэх боломжтой
-       Энэхүү үдэшлэгт маань хүүхэд хамгааллын төвийн хөгжмийн хамтлаг хүрэлцэн ирж нэг номер танилцуулна. Ийм л хүүхдүүдэд бид туслах гэж байгаагаа бодитоор харах нь зүйтэй болов уу.
-     Үдэшлэгийн нэг өнцөг нь гагцхүү хандивын арга хэмжээ байгаад зогсохгүй зураач найз нарын маань нийт 12 бүтээл тавигдана. Зарим нэг зургыг дуудлага худалдаагаар худалдаалж орлогыг хандивын сандаа нэмэрлэх юм. 
-          Босоо хүлээн авалт буюу cocktail party-нд маань үнэ төлбөргүйгээр хөтлөгч, дуучид, хамтлагууд ирэх юм. Тэдний нэг нь манай жиргээч Гантулга, Билгүүн нар маань. Мөн жазз дуучин Наагий ч ирж уран бүтээлээ сонирхуулна.
-     C&C lounge-д болох ба тус газараас бидний үйл ажиллагааг дэмжиж гурван цаг үнэ төлбөргүйгээр ашиглах боломжыг өгсөн билээ.

Хаяг: Гурван гал худалдааны төвийн офис, 7 давхар, C&C loungе
Хэзээ: 2012.09.13-нд Пүрэв гараг , 19 цагт

-       
Гэх мэтчилэн сайн санаат хүмүүсийн буянаар жиргээчидийн маань зохион байгуулж буй хандив цуглуулах үйл ажиллагаа эзэндээ хүрсэн сайхан үйлс болох болтугай хэмээн найдаж байна.
Манай хандивын данс \ХААН Банк\: 500372 1365


Сайн үйлс дэлгэрэх болтугай!