Tuesday 26 March 2013

Твиттерийн тухай... Миний бодол...



Твиттер, Фэйсбүүк гээд энэ бүгд миний хувьд ердөө л цахим орон зай. Түүнээс эдгээр социал сүлжээгээр дамжуулан намайг дүгнэх, таньж мэдэх боломжтой хэрэгсэл огтоос биш юм. Би анх 10 жилээ төгсчихөөд л Фэйсбүүкийг ашиглаж эхэлж байлаа. Үеийнхнээсээ, эсвэл бүр нийгмээс жаахан хоцорч явсан ч байж мэдэх. Энэний шалтгаан нь ээж маань хичээлтэй үед интернет гэдэг зүйлийг хорьдог байсных болов уу даа. Хааяахан л шаардлага гарвал интернет кафед суудаг байсан юм. Элсэлтийн шалгалтаа өгч санаа амарсныхаа дараа л Фэйсбүүкэд урьд нь нээгээд орхиж байсан Фэйсбүүк профайлаа ашиглаж эхэлсэн нь тэр. Фэйсбүүк ашиглах нь олон талын ашигтай, бас ч үгүй үүнийгээ дагаад олон сөрөг дагавартай юм шиг… Миний хувьд л янз бүрийн мэдээллийг арай хурдан авчихдаг, удаан уулзаагүй найз нөхөд, хамаатан саднаа олоод авчихдаг, заримдаа бүр өөрийн бодож явдаг зүйл, цаг үеийнхээ талаар хэнхэг постууд ч биччихдэг давуу талтай. Харин сөргөөр яаж тусдаг бол? Цагийн алуур л гэж хэлэх байна. Гэхдээ аз болж твиттер ашиглаж эхэлснээс хойш фэйсбүүкт биш твиттерт цагаа алуулчихдаг болсон доо. ХЭХЭ Энэ ч яахавдээ. Олон хүмүүс Фэйсбүүкийн талаар эргэцүүлэл хийж байсан байх. Харин одоо твиттерийн талаар өөрийн бодлоо хуваалцья. Фэйсбүүкээс уйдаж эхэлсэн тэр цагаас гэх юмуу твиттер миний сонирхлыг татдаг болсон юм. Одоо ашиглаад жил өнгөрүү болж л дээ. Анх твиттерт ороод л өнөө л олон дагагчтай “од” гэх жиргээчдийг дагаад л байлаа. Гэхдээ би уншиж эхлээгүй шууд л хэн нэгний бичсэн зүйлс таалагдахгүй болвол дайрч эхэлсэн юм. Мэдээж өөрийгөө их “зөв” юм ярьж байна гэдэгтээ итгэн “жиргэж” байлаа. Бусадруу дайрч, давшилаад л… Ингэснээр мань нөхдүүд миний уг хүний зан чанарын тусгалыг “жиргээ”-нээс минь олж харсан хэрэг. Жиргэж эхлээд хэдэн сарын дараа ч билээ нэг ах хүүтэй таартал –Чи өөрийгөө жаахан дарж жиргэнэ байгаа? Гэв. Нээрээ ч тийм дээ гээд өөрийгөө амьхандаа л дарж жиргэж эхэлсэндэг… Яруу найрагчдын шүлэг мэт, афоризм мэтийг жиргэсэн шиг, хааяа дэггүйтэх хүсэл төрвөл секс ярьсан шиг л байв. Ингэсэн харин овоо дагагчид маань нэмэгдлээ. ХЭХЭ Яахавдээ, нэг төрлийн зоос цуглуулдаг тоглоом шиг, бичсэн жиргээ маань РТ, Фаворит авчихвал тэрүүхэн тэндээ сэтгэл хөөрлийн байдалд л ордог байсан байх даа. КК За энэ бол миний яаж твиттер ашиглаж эхэлсэн түүх. Хэсэг хугацааны дараа зарим талаар би төлөвшсөн байж магадгүй. Твиттерт олон янзын хүмүүсийн зан байдлыг ажиглана, үзэл бодлыг нь тандана. Ингэснээр би ч бас тэндээс хөөрхөн сургамж аваад төлөвшчихөж байгаа юм. Гэхдээ сурсан зан учир сураар боож болдоггүй гэдэг дээ, хааяа хааяахан сайтын комментчидтой маргалдах үе бишгүй дээ. Уурлаж, бухимдсан үедээ зангаа тавихгүй хараал ганц нэг урсгачихдаг юм. Энэнээс болоод л танил олон дагагчид маань намайг дүгнэж эхэлнэ биз? Би хэзээ ч хүнийг бичсэн жиргээгээр нь дүгнэж байгаагүй болохоор гайхдаг л юм. Учир нь миний хувьд твиттер бол ердөө л гайгүйхэн бичих чадвартай хүний пан гөрөх, эсвэл цэцэрхэх талбар гэж ойлгодог. Твиттерт миний, эсвэл хэн нэгний бичсэн жиргээ заавал үнэн байх албагүй. Тэр бүү хэл зөв, эсвэл буруу байх ч албагүй. Яагаад гэвэл твиттер зүгээр л таны хүссэнээрээ дэмийрэх цахим орон зай болохоос өөрийн үзэл бодлыг, өөрийн амьдралын хэв маяг гэх мэтийг үнэнээр нь бичих албатай, эсвэл бичлээ ч хэн нэгнээр өөрийгөө дүгнүүлэх тийм хэрэгсэл огтоос биш юм. Та твиттерээр хэн нэг хүүхэнрүү сээтэн хаяж хошигносон жиргээ хийчихэж болно л гэсэн үг л дээ. Учир нь таны эхнэр бодит амьдрал, цахим сүлжээ хоёр хоорондоо тэс ондоо ертөнц гэдгийг ойлгодог л бол ойлгох учиртай. Гэхдээ энэ тохиолдолд та бичсэн жиргээгээ үйлдэл болгож даамжруулаагүй л бол шүү дээ. ХАХА \Жишээ авсан юм шүү\
Твиттерт таарамжгүй хоёр хүн уулзаад амьдрал дээр бие биенийгээ илүү сайн ойлголцох ч тохиолдол байдаг. Тиймээс хүнийг бичиж байгаагаар нь дүгнэнэ гэдэг утгагүй. Бичиж байгаагаар нь ч бус амьдрал дээр гараад ч ер нь хэн нэгнийг шүүх, дүгнэх эрх байдаггүй л биз дээ? Таньд ердөө л бодох эрх бий… Жиргээч бусдад ямар харагдахыг хүснэ түүн шигээ л бичдэг гэсэн өөрийн зохиосон афоризмоор бичлэгээ дуусгая. J) Түүнээс байгаагаа жиргэдэг жиргээч гэж энд байхгүй. 

Monday 21 January 2013

Нойр хулжсан шөнө.


Олон жилийн өмнөөс таних нэгэн эгч маань Германд амьдардаг юм. Сая мессенжрээр орж ирээд надад баахан гомдлоо тайллаа. Бараг ээждээ ч хэлдэггүй үгсээ надад гаргах шиг санагдлаа. Маргааш өглөө эрт хичээлтэй, эрт унтах ёстой боловч танил эгчийн маань хэлсэн, ярьсан зүйл нь толгойноос салдаггүй, Монголын минь охидууд дахин түүн шиг бүү алдаасай гэсэндээ нүүрномдоо нэг жижигхэн бичлэг бичээд оруулсныгаа блогтоо ч бас оруулчихъя гэж бодлоо. 
Миний хувьд би хүний үндсэн эрхийн ихээхэн дээдэлдэг хүн л дээ. Бусдын эрх гэдэг халдаж болшгүй дархан зүйл, хэн ч хэний амьдралыг зааж зааварлах, бусдын сонголтыг буруушаах ёсгүй гэдгийг мэднэ. Би л хувьдаа үр хөндүүлэх, биеэ үнэлэх, заа ер нь хууль л зөрчихгүй байвал өөрийн биеэр юу үйлдэх нь тэр хүний хэрэг учир энэ бүгдийг хүлээн зөвшөөрдөг нэгэн. Гэхдээ дэмждэг биш шүү! Саяхан би нэг танил эгчтэйгээ мессеннжердлээ. Тэр эгч маань гадаадад олон жил амьдарсан, хэнээс ч дутахгүй сайхан амьдралтай, мундаг эмэгтэй. Найз залуутайгаа гурван жил амьдраад, одоо найз залуу нь түүнээс хүүхэдтэй болохыг хүсэж байна гэдгээ хэлсэн гэнэ. Гэвч тэр эгч одоо хүүхэдтэй болж чадахгүй. Залуу байхдаа сургууль соёлоо төгсөж, сайхан мэргэжилтэй, сайхан ажилтай болж өөрийн гэсэн юмтай болчихоод л гэр бүл зохиож, үр хүүхэдтэй болно гэж шийдсэнээр оюутан байхдаа, ажил дээр гараад ч 4 удаа үр хөндүүлж байсан юм. Олон удаа үр хөндүүлсний уршиг нь савны хана нимгэрч, хүүхэд тээх боломжгүй болдог юм байна. -Эгч нь байж болох бүх л сайн эмч дээр очиж үзсэн ч үнэхээр хүсээд ч одоо хөөрхөн хүүхэдтэй болохгүйгээ мэдлээ гэсэн юм. Хүний амьдралын гол утга учир нь гэр бүл, үр хүүхэд байдан. Идэх хоолгүй өнжсөн ч бяцхан үрсийнхээ инээд цалгих дууг сонсож хононо гэдэг юугаар ч орлуулшгүй аз жаргал гэж би боддог.

"...Хүний, хүүхдийн амьнаас илүү боловсролыг нэгдүгээрт тавьдаг болчихсон аймшигтай нийгэмд бид амьдарч байна...- гэсэн мөр яруу найрагч Л.Өлзийтөгсийн "Үзэхийн хякгаар" номонд байдаг. Нээрээ ч тийм. Олон охид боловсролоо тэргүүнд тавьж, эцэг эхийн дургүйцлээс болж үр хөндүүлдэг байх л даа. Хайрлаж чадахгүй бол эмэгтэй хүнийг дөнгөж дэлбээгээ нээн цэцэглэж явахад нь жирэмслүүлж хаячихаад яваад өгдөг олон залуус байдаг. Гэвч "аборт хийлгүүлж, хүний амь тасдсан" гэдэг нэг насны нэрийг зөвхөн охид л сонсдог. Нөгөөтэйгүүр жирэмслэлт гэдэг ганцхан эмэгтэй хүний бус хоёр тал харилцан хүлээлцэх үүрэг, бас харилцан хуваалцах ёстой аз жаргал юмштээ. Гэвч нэгэнт алдсан алдааг засчихаж болохгүй хойно дахин тэр алдаагаа давтахгүй байх нь хамгийн чухал. Миний танил энэ эгч шиг амьдралдаа буруу шийдвэр гаргаснаар хорвоо дээр эмэгтэй хүн болж төрснийхөө утга учирыг олж, баяр баясгаланг мэдрэлгүй үхнэ гэдэг гунигтай. Үрийн заяа гомдож, алдсан алдаа болгоны тань тоогоор амьдрал таниас нулимсаа хүртэл харамладаг юм. 

Тэгэхээр миний хэлэх гэсэн зүйл их энгийн. Залуу нас зугаа цэнгэлгүй өнгөрнө гэж байхгүй. Гэвч зах хязгаараа мэдэхгүй зугаа цэнгэл юунд ч хүргэж мэднэ. Амьдрал чамайг нэг өршөөнө, хоёр өршөөнө, гурав өршөөнө. Дөрөв дөхөө алдахад тань таньруу хэн ч эргэж харахгүйг л санах хэрэгтэй. Гл санааруугаа оръё.

Ер нь үр хөндөлтийн гол шалтгаан нь хүсээгүй жирэмслэлт гэж би ойлгодог. Гэвч хожим хойно хүсэхэд хясах зүйл ч тохиолдож мэднэ. Тиймээс амьдралын их далайд хөл тавьж байгаа миний л үеийн охидууд, дүү нар маань үерхэл, хайр сэтгэл, гэр бүл төлөвлөлт гэдэг зүйлийг удаан бодож гаргах ёстой гэдгийг л хэлмээр байна. Өөр хэлмээр санагдсан, зөвлөмөөр санагдсан олон зүйл байгаа ч нойр хүрээд байгаа тул энд хүрээд дуусгая даа :P



Tuesday 8 January 2013

************



Бичгийн машины арван үсэг халцарчихсан
Би чамд хайртай гэж хэдэн ч удаа бичээв дээ
Хурууны хээ арилтал шивсэн ч
Хүзүүнээс чинь миний үнэр ахиж ханхийхгүй
Гунигтай юм!

Saturday 5 January 2013

Эрээний хөгжил цэцэглэлтэнд хөрөнгө оруулах Монголчуудын өдөр 2013


Ойрд блогтоо бичлэг оруулсангүй. Оруулах юм ч олдсонгүй, зав нь ч гарсангүй. Энэ жил цагаан сар нилээн эрт болох нь ээ. Ахмад настнууд, аав ээж, холын ахан дүүстэйгээ уулзаж, хөөрөлддөг сайхан баяр. Миний эмээ өвөөгийн үед цагаан сар ингэж өргөн дэлгэр, зарлага өндөртэй тэмдэглэдэггүй байжээ. Чухамдаа "Цагаан сар" ч гэж нэрлэдэггүй байв. Хуучин цагт "Малчдын баяр", "Хаврын баяр" хэмээн нэрийдэн цомхон сайхан тэмдэглэдэг байсан байна. Ээж минь бага байхдаа өглөө эртлэн босч хамгийн ахмад настай гээд хөгшин ээжийндээ очиж золгоод гурав дөрөвхөн ширхэг 24-ийн чихэр өвөртлөөд ирдэг байсан гэдэг. Харин тухайн үед эмээ, өвөө хоёр маань цагаан сар хэмээн гэртээ хүн хүлээж авдаггүй байснаа ярьсан юм. Ургын хамгийн ахмад настай нэгнийдээ л очиж золгоод, амар мэндийг нь асуух нь дээр гэж үздэг байжээ. Энэ нь ч зөв. Харин одоо бол айл болгон "Цагаан сар" хэмээн хөөрцөглөж хамаг л байдгаа гаргаж, хэдэн сарын цалингаараа өр зээлэнд орон байж тэмдэглэх нь бий. Манайхан ч тэгээд юмгүй мөртлөө юмтай харагдах дуртай улс болохоор өнөө ирсэн гийчиддээ гоё гялгар цаас, ууттай хятадын хэдэн хэрэгтэй үгүй нь мэдэгдэхгүй бэлэг өгч өөрийгөө юмтай харагдуулах гэж хичээнэ. Ахмад настан дээрээ очихдоо заавал ганц шил архи өвөртөлж очихгүй бол горьгүй л дээ. Тэгээд л хятад оймс, дотоож, шампунь саван, алчуур, торго дурдан, дээлийн өнгө ... гүэ есөн шидийн юм нэгэндээ өгцгөөнө. Нэг этгээдээс авсан бэлгээ нөгөө этгээд өөр нэг этгээдэд дамжуулан бэлэглэнэ. Хөгжилтэй ч баяр даа. Бэлэг гэснээс, манай аав анх хүргэн ороод өвөөгийн ахынд нь золгохоор очиж л дээ. Өвөөгийн маань ах гэж айхтар ч гар чангатай хүн байсан сан. Намайг ороход хятад 20 төгрөгний хар чавга өгдөг байсныг тод санадаг юм. Аа бас болоогүй, 50-ын кофе. Гэхдээ яахав, настай хүний буян нь ирэг гээд би гололгүй л авсан даг. Энэ ч өнгөрч. Аав ээж хоёр тэднийд золгоод гарахад нь нээг их хужаа бичиг сачиг болсон дотоож аавд бэлэглэжээ. Оюутан хүүхдүүд, өөрсдөө өмсье гэд байрандаа ирээд задлаад үзтэл эмэгтэй дотоож байсан гэдэг. Миний маазарч хэлдгээр "Трежкова" стилийн дотоож. хаха Энэнээс гадна ойр тойрын хүмүүсээс сонссон цагаан сарын хужаа бэлэгний паян тасрахгүй. Өрөөсөн оймс гарч ирнэ, цоорхой оймс гарч ирнэ, өнөө өгсөн шампунь нь үс халцруулдаг л гэнэ... Тийм л оймс бэлэглэх дуртай юм бол энэ жил тренд болоод буй Янмалын ноосон бор оймсоо бие биедээ бэлэглэцгээе л дээ. Юу нь болохгүй байгаан? Тэгэхээр энэ Цагаан сар гэдэг баяр маань яг үнэндээ "Эрээний хөгжил цэцэглэлтэнд хөрөнгө оруулах Монголчуудын өдөр" болчихоод байгаа юм. Тэгвэл энэ нэршлээс салахын тулд бүгдээрээ энэ жилийн цагаан сараараа зөвхөн үндэсний үйлдвэрлэлээ дэмжин хэрэглэцгээе! Цагаан сараар бие биедээ мѳнгѳ бэлэглэе. Ядаж мөнгө нь улс дотроо эргэлдэнэ биз дээ? Гэхдээ миний бодлоор мөнгө нь ч бараг илүүдчихээд байгаа юм. Эмээ өвөө дээрээ сүүгээ хадагтайгаа бариад очиж мэндийг нь мэдээд золгож байя. Хүүхдүүддээ 500 төгрөг ядахнаа өгчихөж байя. Баян хүн гэдгээ биестээ гайхуулаад яах вэ хүмүүсээ, олон янзын эрээн цаастай гадаад чихэр тавиад яах юм. Цагаан сар гэдэг утгаараа цагаан идээгээрээ л ширээгээ засъя л даа! Ер нь залуу хүмүүс гэртээ ууц тавиад байх утгагүй. Ууц тавьмаар санагдсан мөнгөө ижий аавдаа аваачаад өгчих. Өөрсдөө нэг өвчүү чанаад тавьчихад под хийсэн сайхан ширээ болно шүү. Бас буузаа жоохон хэмнэлттэй л жигнэчих л дээ Ккк Тэд чинь олон айл хэсээд дуртай дургүй л иднэ шүү дээ. Огт ор хоосон юмгүй тэмдэглэе гээд байгаан биш, гол нь үндэсний үйлдвэрлэлээ л дэмжие гэж хэлээд байгаа юм. Бас шинийн 4-өөс эхлээд л гандан хавиар нэг их өөрсдийнхөө тэр жилийг засаж, даатгуулах гэсэн сүсэгтэн олон болчихдог. Найман настай бацаан хүртэл өөрийнхөө номыг уншуулна гээд явж байдаг шүү. Инээдтэй биз? Миний бодлоор айл гэрийн ноён нуруу эцэг нь л сайхан мөрөө гаргаад, тэр жилийн нарандаа ижий нь сүүгээ өргөчихсөн байхад сэтгэлд сэвгүй сайхан болчихдог юм. Гандан гээч нэг их зовлон, зүдгүүртэй улсыг аз жаргалтай болгож өгдөг газар чинь яг үнэндээ түмний итгэл бишрэлээр бизнес хийдэг, бизнес хийсэн мөнгө нь хаа орсон нь мэдэгддэггүй газар болчихсон юм билээ. Заа бас эрчүүл нь шинийн нэгний өглөө үүрээр босоод л хийморийн овоо гарцгаадаг заншилтай. Яах гэж байгаа нь бүү мэд? "Хиамраа" сэргээх юм гэнээ. Тэгээд хийморь гэдэг чинь ганцхан эр хүнд байдаг эмэгтэй хүнд байдаггүй эд үү? Хэцсс, би хувьдаа энэ жил энийг нь эсэргүүцэж эрэгтэй дээл өмсөөд, хөхөө дарж боогоод үсээ шуугаад эрэгтэй гэж хэлээд гарчихаад тэр дээр нь гараад -Хаха би эмэгтэй хүнайна гээд үсээ салхинд намируулжагаал орилчихмоор л байгаа шүү. :P За энэ мэтчилэн цагаан сарын баярын дутагдал шүүмжлэлүүд захаасаа аван байна дөө. Энэ уриалгууд цааш олон Монгол хүнд хүрэх болтугай. :-D  

Friday 14 December 2012

Ганц тамхи асаад унтрахын зуурт...



Ганц тамхи асаад унтрахын зуурт
Амьдрал ярьж болно
Эрээ цээргүй дурсамжын хаалгыг түрхэн сөхөж
Эрвээхэйн далавчны толбо шиг
Хацар ягаарахын зуур
Өнгөрсөн болоод өөрийгөө
Өврийг чинь ч бас санаж болно.
Ганц тамхи асаад унтрахын зуурт
Чамд дурлаж болно
Мартах л гэж байсан төрхөнд чинь
Маргаашгүй учралыг эхлүүлж
Чамд би дахин дурлаж болно
Магадгүй чи намайг үнсэж ч болно.
Ганц тамхи асаад унтрахын зуурт
Гараас минь хөтлөөд алхаж болно
Гинжний минь түгжээг мулталж
Гэзэгнээс минь дурсамжын салхи сэвэлзүүлж болно.
Ганц тамхи асаад унтрахын зуурт
Гагц би чамайг хайрлаж л чадахгүй
Үхэж л амрах энэ амьдралд
Үүрд чамтай гэж амлаж чадахгүй.

Sunday 9 December 2012

Хүүхэд бол хувь хүн



ХҮҮХЭД ГЭЖ ХЭН БЭ?

Хүүхэд бол хомосапиенс төрлийн төлөөлөгч, энэ бол эрэгтэй эмэгтэй хүүхэд буюу хүүхэд. Энэ бол ХУВЬ ХҮН.

ЭРХ ГЭЖ ЮУ ВЭ?

Энэ бол таньд заяагдсан буюу зөвшөөрөгдсөн боломж. Хууль зүйн утгаар нь авч үзвэл баталгаатай эрх чөлөө юм.

ХҮНИЙ ЭРХ ГЭЖ ЮУ ВЭ?

Та зүгээр л хүн учраас таньд байх ётой бүх эрхүүд юм.

Хүн бүрт заяагдсан жам ёсны болоод хуулинд заагдсан эрхүүд зөрчигдөх тохиолдол манай улсад нилээдгүй бий. Хамгийн ихээр гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байдаг хэсэг бол яах аргагүй эмэгтэйчүүд, хүүхдүүд. Тэр тусмаа ХҮҮХДҮҮД энэ хэргийн гол хохирогч болж байдаг. Хаана, хэнд хандахаа мэдэхгүй, эрх зүйн боловсрол дутмагаас болж олон зуу, бүр олон мянган хүүхдүүд өнөөдөр гэр бүлийн хүчирхийлэлд өртөн, гэр бүлийн орчинд өөрийн эрх болоод ашиг сонирхолоо зөрчүүлсээр яваа гэдгийг хэлмээр байна. 

Өнгөрөгч долоо хоногт 7-хон настай хүүг 300 төгрөг зөвшөөрөлгүй авсных нь төлөө сэхээнд ортол нь зодсон аймшигт хэрэг гарлаа. Жишим ч үгүй телевизэд ярилцлага өгч байгаа хойд эцэг нь хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээсэнгүй. Хүүгийн эрхийг хамгаалчих хүний эрхийн хууль ч Монголд байдаггүй бололтой. Уг нь манайд ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ гэж "сайхан" нэртэй, "сайхан" заалттай хууль бий. Тус хуулийн 5 дугаар бүлгийн 25, 26, 27 дугаар зүйлүүдийг харахад л хөөрхий хүүг эцэг эхэд нь асруулах ямар ч хуулийн үндэслэлгүй болно. Ядахнаа хүн ёсноос хандсан ч энэ хүүг би харж байгаад "ээж" "аав" гэсэн эрхэм нэрийг зүүх эрхгүй тэр адгийн амьтадад өгмөөргүй байгаа юм. 


"Монгол улсын ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ-ийн:


25.1.Хүүхэд гэр бүлийн дотор тэгш эрх эдэлнэ.

25.2.Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн болон гэрлэгчдийн хэн нэгний нь дагавар хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг сонирхлыг нь хохироохыг хориглоно.

25.3.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаална.

25.4.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн болон хүүхдийн ашиг сонирхол хоорондоо зөрчилдөж байгаа нь тогтоогдсон бол сум, дүүргийн Засаг дарга хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах төлөөлөгчийг томилж болно.

25.9.Сум, дүүргийн Засаг дарга нь хүнд нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлж, бүртгэл хөтлөн, түүнийг гэр бүлдээ авч асран хүмүүжүүлэхээр хүсэлт гаргасан иргэнд шилжүүлж болно.
25.10.Хүүхдийг энэ хуулийн 25.9-д заасны дагуу шилжүүлэх боломжгүй бол сум, дүүргийн Засаг дарга нь асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоолгох, үрчлүүлэх, хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэнэ." гэсэн заалтууд бий. Энэ тохиолдолд Э хүү гэр бүлийн орчинд өөрийн эрхээ ноцтойгоор зөрчүүлсэн байгаа юм. Хүссэн нь хүний эрх хэмээн хоолойгоо шахан орилох боловч бодитойгоор хүний эрхийн асуудалд хувь нэмрээ оруулж байгаа нь нэг ч үгүй. Ядахнаа энэ хэргийг хараад сайн дураараа өмгөөлөх өмгөөлөгч, энэ хүүгийн эрхийн төлөө дуу хоолойгоо чангаар хүргэж чадах нэг ч хүний эрхийн хуульч байсангүй. 
Мөн тус хуулийн 26 дугаар зүйлийн гуравт "Эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, ХҮҮХЭДДЭЭ ХЭРЦГИЙ ХАНДАХ, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно." хэмээн тусгажээ. Хэрэв энэ заалтыг зөрчсөн тохиолдолд тус хуулийн 30.1-т заасны дагуу эцэг, эх байх эрхээ хасуулах юм. Гэхдээ эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан болоод хасуулсан нь эцэг, эх байх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Тэгвэл тус хуулийн 30.2-т "Эцэг, эх байх эрх хасуулах тухай нэхэмжлэлийг эцэг буюу эх нь, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон бусад иргэн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага тухайн эцэг, эхийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй." хэмээн заажээ. Биеэ хамгаалах чадваргүй, хүүхдийн биед санаатайгаар гэмтэл учруулсан, тэр тусмаа хойд эцэг нь гэмтэл учруулж, төрсөн эх нь хүртэл энэ хэргийг таслан зогсоох боломжтой атал харж байгаад хүүгээ сэхээнд оруулжээ. Хүссэн иргэн харъяа прокурорт гомдол гаргаад энэ хүүгийн эрхийг хуулиар хамгаалуулах эрхтэй. Гэвч бодит амьдрал дээр хүний эрхийг хангах, хамгаалах эрх зүйн орчин манайд тийм ч нээлттэй биш. 


Энэ дан ганц Э хүүгийн бус Монголын бүх хүүхдүүдийн эрхийн тухай асуудал гэж би харж байгаа. Би ч, та ч адилхан хүүхдүүд байлаа. Хүүхэд насны гэнэхэн дэггүйтлээр ээж ааваасаа "таван салаа боов" авч үзээгүй хүн байдаггүй л байх. Гэвч энэ тийм зөв зүйл үү? Хүн тархиараа бодож, сэтгэдэг болохоос мах, цусаараа биш шүү дээ. Би ч, та ч хүүхэдтэй, хүүхэд байсан, хөөрхөн дүү нартай. Э хүү тэдний л нэг. Адилхан л өвдөж зовдог, адилхан баярлаж хөөрдөг. Түүний нүдэнд аз жаргал гэрэлтэж, түүний нүүрэнд инээмсэглэл тодорч байх ёстой. Сэтгэл амгалан дулаан гэртээ ээжийн гарын хоол идэж, аавдаа эрхлэн өсөж торних ёстой бяцхан хүүгийн ирээдүй болоод одоогийн амьдрал нь тийм ч баталгаатай бус. Энэ мэтээр хойд эцэг нь дахин түүний биед гэмтэл учруулж, хажуугаас нь төрсөн эх нь дамнан зодохыг үгүйсгэмгүй байна. Би өөрийнхөө төлөө, дүү нарынхаа төлөө, Монголын бүх үрсийн төлөө бичсээр, ярьсаар байх болно. Хүүхдийн эрх хангагдах хүртэл...







Thursday 22 November 2012

Twitter's new year party 2012-2013


Монголын твиттер ашиглагчид өдрөөс өдөрт хүрээгээ тэлсээр байна. Албан бус судлагаагаар твиттерт 30000 орчим Монгол хэрэглэгч байна. Тиймээс бид Монголынхоо жиргээчдийн үйл ажиллагааг идэвхжүүлж, дэмжих, харилцан танилцуулах зорилгоор энэхүү шинэ жилийн цэнгүүнийг зохиох гэж байна. Тухайн арга хэмжээ нь ёслолын бөгөөд хүлээн авалтын хэлбэрээр явагдана. 

Тус шинэ жилийн цэнгүүний тухайд:

- Тус цэнгүүнд 150-180 орчим твиттер хэрэглэгчид ирэх боломжтой.
- Хүлээн авалтанд дуучин Чинболор, дуучин Дэрмээ, Дуучин Мийгаа \Guys 666 хамтлаг\, Sweety Motion хамтлаг, дуучин Гантулга, Хийлч Байгаль болон шинэ залуу амьд хөгжмийн хамтлаг ирж ая дуугаа өргөх юм.
- Хүлээн авалтыг TV Cocktail хамтлагийн жүжигчин Цолмонбаяр хөтлөнө.
- Худалдан авсан ТАХ бүрийг G-Mobile-ийн 1 Гб-ын интернетийн дата эрх дагалдах төдийгүй ТАХ бүр сугалаатай.
-Жиргээч Төмөрчулуун ахын нэрэмжит МАХА-ийн сугалаа болон Flicker-чидийн нэрэмжит сугалаатай Ккк
- Сугалааны хонжворыг G-Mobile компани ивээн тэтгэж 3 азтан шалгаруулах юм. Нэг азтан G-Mobile-ын шинэ дугаар, интернетийн дата эрхээр шагнуулна. Мөн Zеbra International компани өөрийн оруулж ирж буй Корона, Корона экстра, Стелла шар айраг нэг авдрыг сугалааны азтан бүрт өгөх болно. Мөн жиргээч @bayan_08 хувийн зүгээс сугалааны хонжворыг ивээн тэтгэж 3 азтандаа 2 боть Британника толь бичиг \Монголын тухай\, фитнесст 50 хувь хөнгөлөлттэй явах эрх олгохоор боллоо.
- Шинэ жилийн цэнгүүнд ирснээр та зохион байгуулсан хөгжөөнт тоглоом, тэмцээнүүдэд оролцох, тодорхой номинацид нэр дэвших боломжтой.
- 2012 оны турш Монголын твиттер ашиглагч залуус ямар ямар нийгэмд хандсан ажлууд хийж, шинэ зүйл санаачилсан талаар богино хэмжээний зурган мэдээ сонирхох боломжтой.
- Шинэ жилийн цэнгүүнд маань өвлийн өвгөн, цасан охин ирж та бидний шинэ жилд дулаан уур амьсгал нэмэх ба Алтан сарнай бүжгийн хамтлаг зочлох юм. 
- Хэвлэл мэдээлэл дээр Uptown сэтгүүл хамтран ажиллаж, G-Mobile, APU компани Алтан говь брендээрээ ивээн тэтгэж байгаа төдийгүй Тод өнгө хэвлэлийн компани, Худалдаа аж үйлдвэрийн тэнхим хамтран ажиллаж байна. 


Шинэ жилийн цэнгүүний тасалбар


Меню:

- Хоёр хоёрдугаар хоол \ Үхрийн жигнэсэн мах, Гахайн шарсан нуруу, Цезарь салат, талх\
- Алтан говь шар айраг
- Цэвэр ус, фрутта жүүс
- Жимсний цуглуулга
- Шампанск, Вино \Нэг ширээнд\
- Соёмбо, Хар сувд архи \Нэг ширээнд\ зэрэг бүтээгдэхүүнүүд багтсан ба арга хэмжээний үеэр виски, ундаа худалдаалагдах болно.

ТАХ-ны тоо хязгаартай тул твиттер хэрэглэгч та бүхнийг 2012.12.15-аас өмнө худалдан авахыг хүсье. Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон ТАХ худалдан авахыг хүсвэл 95800560, 88051385 утсаар холбогдон авах боломжтой. 

Жиргээч та бүхнийг ирж буй оноо амжилт бүтээлээр дүүрэн угтаж, хамтдаа алдаа оноогоо цэгнэн, нэгэн үдшийг хөгжилтэй өнгөрөөхийг урьж байна! 

Santa and I know it \parody of Sexy and I know it\ ;-)


Welcome to the Twitter's New Year Party!