Showing posts with label Миний шүлгүүд. Show all posts
Showing posts with label Миний шүлгүүд. Show all posts

Tuesday, 8 January 2013

************



Бичгийн машины арван үсэг халцарчихсан
Би чамд хайртай гэж хэдэн ч удаа бичээв дээ
Хурууны хээ арилтал шивсэн ч
Хүзүүнээс чинь миний үнэр ахиж ханхийхгүй
Гунигтай юм!

Friday, 14 December 2012

Ганц тамхи асаад унтрахын зуурт...



Ганц тамхи асаад унтрахын зуурт
Амьдрал ярьж болно
Эрээ цээргүй дурсамжын хаалгыг түрхэн сөхөж
Эрвээхэйн далавчны толбо шиг
Хацар ягаарахын зуур
Өнгөрсөн болоод өөрийгөө
Өврийг чинь ч бас санаж болно.
Ганц тамхи асаад унтрахын зуурт
Чамд дурлаж болно
Мартах л гэж байсан төрхөнд чинь
Маргаашгүй учралыг эхлүүлж
Чамд би дахин дурлаж болно
Магадгүй чи намайг үнсэж ч болно.
Ганц тамхи асаад унтрахын зуурт
Гараас минь хөтлөөд алхаж болно
Гинжний минь түгжээг мулталж
Гэзэгнээс минь дурсамжын салхи сэвэлзүүлж болно.
Ганц тамхи асаад унтрахын зуурт
Гагц би чамайг хайрлаж л чадахгүй
Үхэж л амрах энэ амьдралд
Үүрд чамтай гэж амлаж чадахгүй.

Sunday, 11 November 2012

Би бодоод л байна...

Чамайг би үүл шиг гэж бодоод л
Нүүгээд явчихсан ч дахиад бөөгнөрнө гэж бодоод
Нэг ч өдөр нар битгий гарчихаасай гэсэндээ
Харц минь харанхуй, бүүдгэр тэнгэрт дурладгийм... 

Wednesday, 17 October 2012

Харь ертөнцийн хархүү




Орон зайн гансрал дунд
Чиний хаалга руу өнгийв
Огт хараагүй үнэн төрх
Огтор бошинзтыг харсангүй. 

Гүн харанхуйн тайтгарал дунд
Чиний гэрэлрүү тэмүүлэв
Гишгэх газар олдсонгүй
Гэзгийг минь ч тоож үнэрлэсэнгүй.

Thursday, 27 September 2012

Бидний ...




Тамхи асаах шиг
Тамхи сорох шиг
Утааг нь үлээх шиг
Утааг нь уусгах шиг
Бидний амраглал
Тийм нялуун

Дарс нэрэх шиг
Дарс уух шиг
Хундаганд орох шиг
Хундага нь хагарах шиг
Бидний болзоо
Тийм догдлом

Хөгжим сонсох шиг
Хөгжим мэдрэх шиг
Гитарын дөрөвдүгээр утас шиг
Дугарахдаа үнэн нэхэх шиг
Бидний хайр
Тийм яруу

Хүүхэд нойрсох шиг
Хүүхэд зүүдлэх шиг
Зүүдэндээ мишээх шиг
Зүүрмэглэж сэрэх шиг
Бидний учрал
Тийм аниргүй.


Saturday, 18 August 2012

Бороо ороод л, орсоор байгаад...

Hot Whiskey - 5 дугаар сарын бороо



Бороо ороод л, орсоор байгаад
Бусдаас түрүүлж үг хэлчихдэг бодлогогүй занг минь
Бүлээхэн дуслаараа арилгачихвал яах юм бэ?

 Бороо ороод л, орсоор байгаад
 Итгэж л явсан гэнэн хүслийг минь
 Энгэр норгон арччихвал яах юм бэ?

Бороо ороод л, орсоор байгаад
Нэрийг нь мартсан тэр гэгэлгэн залуугийн
Над дээр ирэх замыг нь хаачихвал яах юм бэ?

 Бороо ороод л, орсоор байгаад
 Эхнэрээсээ нууж өгсөн тэр эрийн хайрыг
 Эрээ цээргүй байна гээд угаачихвал яах юм бэ?

Бороо ороод л, орсоор байгаад...

Wednesday, 15 August 2012

Хорин намрын бодол


Хэзээ би 
Хэнзхэн бодлоос уяатай давхиж, хавар эртийн бороо шиг зүрх төөнөхгүй шиврэх бол? 
Хэзээ би 
Хэлүүлэхгүй ирдэг амрагийн захиа шиг хэтэрхий догдлом их хайр болох бол? 
Хэзээ би 
Чанадын цаана нуугдсан хүслийн чинь далайгаас хэлүүлэлтгүй чиний хүслийг шүүрдэг болох бол? 
Хэзээ би
 Гуниглахгүй амьсгалж, сэмэрч ордог бороонд сэтгэлээ норгохгүй байж сурах бол? 
Хэзээ би 
Ээжийнхээ энгэрээс салж, хэдэн намрын дараа айлын бэр болох бол? 
Хэзээ би 
Хэвлүүхэн явсан насаа дурсаж хэтсэн дээр өлгөөтэй бодлуудаа цэгцэлж сурах бол? 


Sunday, 15 July 2012

Залуу минь..




Залуу минь 
Нүдэнд тусах нүцгэн биеийг чинь 
Нүгэлгүй, будаггүй уруулаараа шөнөжин үнсэх сэн...

Уран дарханы бүтээл 
Эр хонгор цээжийг чинь 
Уул толгод ч хараагүй 
Уяхан биеэрээ наминчлах сан...

Бүсгүй янаг үгсээрээ 
Чихний чинь сонорыг цочоож 
Бүлээн торгон тэрлэгэндээ 
Биеийг чинь аваад хонох сон... 



Sunday, 8 July 2012

Бүх юм чамаар үнэртэж байна...


Quest Pistols - Всё пахнет тобой



Бүх юм чамаар үнэртэж байна
Бүлээхэн хөнжил минь чиний сүрчигээр гоёж
Бүтэхгүй дурлалын эзэн чамаар ханхалж байна

Энгэр цээжинд минь нэвчсэн сэхүүн үнэрийг
Ээнэгшиж дасган мөнхөд хадгалмаар байна
Угаалгын онгоцоо байдгийг түр мартаад
Удаан гэгч нь үнэрийг чинь тээмээр байна

Бүх юм чамаар үнэртэж байна
Бүлээхэн хөнжил минь чиний сүрчигээр гоёж
Бүтэхгүй дурлалын эзэн чамаар ханхалж байна

Хувцас даашинзанд минь шингэсэн ялдам үнэрийг
Хувааж боломгүй ээ, би л үнэртмээр байна
Худал гэж өөртөө итгүүлдэг гэгэлгэн хайраа
Хундага дарстай цуг мөнхөд залгилмаар байна...