Monday 21 January 2013

Нойр хулжсан шөнө.


Олон жилийн өмнөөс таних нэгэн эгч маань Германд амьдардаг юм. Сая мессенжрээр орж ирээд надад баахан гомдлоо тайллаа. Бараг ээждээ ч хэлдэггүй үгсээ надад гаргах шиг санагдлаа. Маргааш өглөө эрт хичээлтэй, эрт унтах ёстой боловч танил эгчийн маань хэлсэн, ярьсан зүйл нь толгойноос салдаггүй, Монголын минь охидууд дахин түүн шиг бүү алдаасай гэсэндээ нүүрномдоо нэг жижигхэн бичлэг бичээд оруулсныгаа блогтоо ч бас оруулчихъя гэж бодлоо. 
Миний хувьд би хүний үндсэн эрхийн ихээхэн дээдэлдэг хүн л дээ. Бусдын эрх гэдэг халдаж болшгүй дархан зүйл, хэн ч хэний амьдралыг зааж зааварлах, бусдын сонголтыг буруушаах ёсгүй гэдгийг мэднэ. Би л хувьдаа үр хөндүүлэх, биеэ үнэлэх, заа ер нь хууль л зөрчихгүй байвал өөрийн биеэр юу үйлдэх нь тэр хүний хэрэг учир энэ бүгдийг хүлээн зөвшөөрдөг нэгэн. Гэхдээ дэмждэг биш шүү! Саяхан би нэг танил эгчтэйгээ мессеннжердлээ. Тэр эгч маань гадаадад олон жил амьдарсан, хэнээс ч дутахгүй сайхан амьдралтай, мундаг эмэгтэй. Найз залуутайгаа гурван жил амьдраад, одоо найз залуу нь түүнээс хүүхэдтэй болохыг хүсэж байна гэдгээ хэлсэн гэнэ. Гэвч тэр эгч одоо хүүхэдтэй болж чадахгүй. Залуу байхдаа сургууль соёлоо төгсөж, сайхан мэргэжилтэй, сайхан ажилтай болж өөрийн гэсэн юмтай болчихоод л гэр бүл зохиож, үр хүүхэдтэй болно гэж шийдсэнээр оюутан байхдаа, ажил дээр гараад ч 4 удаа үр хөндүүлж байсан юм. Олон удаа үр хөндүүлсний уршиг нь савны хана нимгэрч, хүүхэд тээх боломжгүй болдог юм байна. -Эгч нь байж болох бүх л сайн эмч дээр очиж үзсэн ч үнэхээр хүсээд ч одоо хөөрхөн хүүхэдтэй болохгүйгээ мэдлээ гэсэн юм. Хүний амьдралын гол утга учир нь гэр бүл, үр хүүхэд байдан. Идэх хоолгүй өнжсөн ч бяцхан үрсийнхээ инээд цалгих дууг сонсож хононо гэдэг юугаар ч орлуулшгүй аз жаргал гэж би боддог.

"...Хүний, хүүхдийн амьнаас илүү боловсролыг нэгдүгээрт тавьдаг болчихсон аймшигтай нийгэмд бид амьдарч байна...- гэсэн мөр яруу найрагч Л.Өлзийтөгсийн "Үзэхийн хякгаар" номонд байдаг. Нээрээ ч тийм. Олон охид боловсролоо тэргүүнд тавьж, эцэг эхийн дургүйцлээс болж үр хөндүүлдэг байх л даа. Хайрлаж чадахгүй бол эмэгтэй хүнийг дөнгөж дэлбээгээ нээн цэцэглэж явахад нь жирэмслүүлж хаячихаад яваад өгдөг олон залуус байдаг. Гэвч "аборт хийлгүүлж, хүний амь тасдсан" гэдэг нэг насны нэрийг зөвхөн охид л сонсдог. Нөгөөтэйгүүр жирэмслэлт гэдэг ганцхан эмэгтэй хүний бус хоёр тал харилцан хүлээлцэх үүрэг, бас харилцан хуваалцах ёстой аз жаргал юмштээ. Гэвч нэгэнт алдсан алдааг засчихаж болохгүй хойно дахин тэр алдаагаа давтахгүй байх нь хамгийн чухал. Миний танил энэ эгч шиг амьдралдаа буруу шийдвэр гаргаснаар хорвоо дээр эмэгтэй хүн болж төрснийхөө утга учирыг олж, баяр баясгаланг мэдрэлгүй үхнэ гэдэг гунигтай. Үрийн заяа гомдож, алдсан алдаа болгоны тань тоогоор амьдрал таниас нулимсаа хүртэл харамладаг юм. 

Тэгэхээр миний хэлэх гэсэн зүйл их энгийн. Залуу нас зугаа цэнгэлгүй өнгөрнө гэж байхгүй. Гэвч зах хязгаараа мэдэхгүй зугаа цэнгэл юунд ч хүргэж мэднэ. Амьдрал чамайг нэг өршөөнө, хоёр өршөөнө, гурав өршөөнө. Дөрөв дөхөө алдахад тань таньруу хэн ч эргэж харахгүйг л санах хэрэгтэй. Гл санааруугаа оръё.

Ер нь үр хөндөлтийн гол шалтгаан нь хүсээгүй жирэмслэлт гэж би ойлгодог. Гэвч хожим хойно хүсэхэд хясах зүйл ч тохиолдож мэднэ. Тиймээс амьдралын их далайд хөл тавьж байгаа миний л үеийн охидууд, дүү нар маань үерхэл, хайр сэтгэл, гэр бүл төлөвлөлт гэдэг зүйлийг удаан бодож гаргах ёстой гэдгийг л хэлмээр байна. Өөр хэлмээр санагдсан, зөвлөмөөр санагдсан олон зүйл байгаа ч нойр хүрээд байгаа тул энд хүрээд дуусгая даа :P



No comments:

Post a Comment