Sunday 9 December 2012

Хүүхэд бол хувь хүн



ХҮҮХЭД ГЭЖ ХЭН БЭ?

Хүүхэд бол хомосапиенс төрлийн төлөөлөгч, энэ бол эрэгтэй эмэгтэй хүүхэд буюу хүүхэд. Энэ бол ХУВЬ ХҮН.

ЭРХ ГЭЖ ЮУ ВЭ?

Энэ бол таньд заяагдсан буюу зөвшөөрөгдсөн боломж. Хууль зүйн утгаар нь авч үзвэл баталгаатай эрх чөлөө юм.

ХҮНИЙ ЭРХ ГЭЖ ЮУ ВЭ?

Та зүгээр л хүн учраас таньд байх ётой бүх эрхүүд юм.

Хүн бүрт заяагдсан жам ёсны болоод хуулинд заагдсан эрхүүд зөрчигдөх тохиолдол манай улсад нилээдгүй бий. Хамгийн ихээр гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байдаг хэсэг бол яах аргагүй эмэгтэйчүүд, хүүхдүүд. Тэр тусмаа ХҮҮХДҮҮД энэ хэргийн гол хохирогч болж байдаг. Хаана, хэнд хандахаа мэдэхгүй, эрх зүйн боловсрол дутмагаас болж олон зуу, бүр олон мянган хүүхдүүд өнөөдөр гэр бүлийн хүчирхийлэлд өртөн, гэр бүлийн орчинд өөрийн эрх болоод ашиг сонирхолоо зөрчүүлсээр яваа гэдгийг хэлмээр байна. 

Өнгөрөгч долоо хоногт 7-хон настай хүүг 300 төгрөг зөвшөөрөлгүй авсных нь төлөө сэхээнд ортол нь зодсон аймшигт хэрэг гарлаа. Жишим ч үгүй телевизэд ярилцлага өгч байгаа хойд эцэг нь хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээсэнгүй. Хүүгийн эрхийг хамгаалчих хүний эрхийн хууль ч Монголд байдаггүй бололтой. Уг нь манайд ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ гэж "сайхан" нэртэй, "сайхан" заалттай хууль бий. Тус хуулийн 5 дугаар бүлгийн 25, 26, 27 дугаар зүйлүүдийг харахад л хөөрхий хүүг эцэг эхэд нь асруулах ямар ч хуулийн үндэслэлгүй болно. Ядахнаа хүн ёсноос хандсан ч энэ хүүг би харж байгаад "ээж" "аав" гэсэн эрхэм нэрийг зүүх эрхгүй тэр адгийн амьтадад өгмөөргүй байгаа юм. 


"Монгол улсын ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ-ийн:


25.1.Хүүхэд гэр бүлийн дотор тэгш эрх эдэлнэ.

25.2.Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн болон гэрлэгчдийн хэн нэгний нь дагавар хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг сонирхлыг нь хохироохыг хориглоно.

25.3.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаална.

25.4.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн болон хүүхдийн ашиг сонирхол хоорондоо зөрчилдөж байгаа нь тогтоогдсон бол сум, дүүргийн Засаг дарга хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах төлөөлөгчийг томилж болно.

25.9.Сум, дүүргийн Засаг дарга нь хүнд нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлж, бүртгэл хөтлөн, түүнийг гэр бүлдээ авч асран хүмүүжүүлэхээр хүсэлт гаргасан иргэнд шилжүүлж болно.
25.10.Хүүхдийг энэ хуулийн 25.9-д заасны дагуу шилжүүлэх боломжгүй бол сум, дүүргийн Засаг дарга нь асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоолгох, үрчлүүлэх, хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэнэ." гэсэн заалтууд бий. Энэ тохиолдолд Э хүү гэр бүлийн орчинд өөрийн эрхээ ноцтойгоор зөрчүүлсэн байгаа юм. Хүссэн нь хүний эрх хэмээн хоолойгоо шахан орилох боловч бодитойгоор хүний эрхийн асуудалд хувь нэмрээ оруулж байгаа нь нэг ч үгүй. Ядахнаа энэ хэргийг хараад сайн дураараа өмгөөлөх өмгөөлөгч, энэ хүүгийн эрхийн төлөө дуу хоолойгоо чангаар хүргэж чадах нэг ч хүний эрхийн хуульч байсангүй. 
Мөн тус хуулийн 26 дугаар зүйлийн гуравт "Эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, ХҮҮХЭДДЭЭ ХЭРЦГИЙ ХАНДАХ, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно." хэмээн тусгажээ. Хэрэв энэ заалтыг зөрчсөн тохиолдолд тус хуулийн 30.1-т заасны дагуу эцэг, эх байх эрхээ хасуулах юм. Гэхдээ эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан болоод хасуулсан нь эцэг, эх байх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Тэгвэл тус хуулийн 30.2-т "Эцэг, эх байх эрх хасуулах тухай нэхэмжлэлийг эцэг буюу эх нь, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон бусад иргэн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага тухайн эцэг, эхийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй." хэмээн заажээ. Биеэ хамгаалах чадваргүй, хүүхдийн биед санаатайгаар гэмтэл учруулсан, тэр тусмаа хойд эцэг нь гэмтэл учруулж, төрсөн эх нь хүртэл энэ хэргийг таслан зогсоох боломжтой атал харж байгаад хүүгээ сэхээнд оруулжээ. Хүссэн иргэн харъяа прокурорт гомдол гаргаад энэ хүүгийн эрхийг хуулиар хамгаалуулах эрхтэй. Гэвч бодит амьдрал дээр хүний эрхийг хангах, хамгаалах эрх зүйн орчин манайд тийм ч нээлттэй биш. 


Энэ дан ганц Э хүүгийн бус Монголын бүх хүүхдүүдийн эрхийн тухай асуудал гэж би харж байгаа. Би ч, та ч адилхан хүүхдүүд байлаа. Хүүхэд насны гэнэхэн дэггүйтлээр ээж ааваасаа "таван салаа боов" авч үзээгүй хүн байдаггүй л байх. Гэвч энэ тийм зөв зүйл үү? Хүн тархиараа бодож, сэтгэдэг болохоос мах, цусаараа биш шүү дээ. Би ч, та ч хүүхэдтэй, хүүхэд байсан, хөөрхөн дүү нартай. Э хүү тэдний л нэг. Адилхан л өвдөж зовдог, адилхан баярлаж хөөрдөг. Түүний нүдэнд аз жаргал гэрэлтэж, түүний нүүрэнд инээмсэглэл тодорч байх ёстой. Сэтгэл амгалан дулаан гэртээ ээжийн гарын хоол идэж, аавдаа эрхлэн өсөж торних ёстой бяцхан хүүгийн ирээдүй болоод одоогийн амьдрал нь тийм ч баталгаатай бус. Энэ мэтээр хойд эцэг нь дахин түүний биед гэмтэл учруулж, хажуугаас нь төрсөн эх нь дамнан зодохыг үгүйсгэмгүй байна. Би өөрийнхөө төлөө, дүү нарынхаа төлөө, Монголын бүх үрсийн төлөө бичсээр, ярьсаар байх болно. Хүүхдийн эрх хангагдах хүртэл...







No comments:

Post a Comment